Ерөнхийлөгч Х.Баттулга Төр хурахын аманд очиж, мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

2018 оны 06-р сарын 08 өдөр, 11 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
34661732_1795803617173686_5312972461816414208_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Богдхан уулын Төр хурахын аманд очиж мод үржүүлгийн ажилтай танилцангаа салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

Төр хурахын ам нь газарзүйн байршлаараа Азийн төв хэсэгт тооцогддог бөгөөд энэ хэсэгт модгүй болж байгаа нь ганцхан Монгол Улсын биш Ази тивийн асуудал гэж үздэг тул Богдхан уулын Төр хурахын амыг ойжуулах шаардлагатай байгаа талаар “Их ногоон хамтрагчид” ХХК болон “Ногоон хишигтэн” төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд танилцуулсан юм.

Энэ компани нь жилд 300 мянган ширхэг суулгац тарилтанд гаргах хүчин чадалтай бөгөөд “PPRS” технологи буюу “Хамгаалагдсан хүчирхэг үндэсний тогтолцоо” технологийг ашиглан модны үндэсний массыг нэмэгдүүлэн саглагар болгож, хүчирхэг үндэсний системийг бий болгодог талаар биологийн нөхөн сэргээлтийн зөвлөх Матт Делани танилцуулсан юм.

Мөн энэхүү технологийг ашиглан Төр хурахын амыг ойжуулахаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Дорноговь аймгийн Хамарын хийдэд Хайлаас, Жигд, Чихэр өвс зэрэг 2800 ширхэг суулгацыг 18 га газарт тарьж, ургуулж чаджээ. Энэ талаар ойн мэргэжилтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахдаа хатуу ширүүн уур амьсгалтай, хөрс нь элэгдэж үржил шимээ алдсан, нөхөн сэргээхэд хүндрэлтэй говийн нутагт сүүлийн таван жилийн хугацаанд мод суулгаж, ургуулж байгаа учраас “PPRS” технологийг ашиглан газарзүйн хувьд маш чухалд тооцогдож байгаа Төр хурахын аманд мод тарьж, ургуулах бүрэн боломжтой гэсэн юм.

Тэдний ойжуулалтын ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд мод тарьсны дараах арчилгаа, усалгаа, зөвлөгөө зэргийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тогтмол өгч, тарьсан моддоо илүү их арчилж анхаарах ёстойг сануулж, ажилд нь амжилт хүсэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх