Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоол, Эрүүл мэнд, Сангийн сайдын 53/45 дугаар тушаалын дагуу Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон юм.
Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахалж байгаа юм.
Өнөөдөр Төрийн ордонд болсон зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар тэмцээний бэлтгэл ажлыг хангаж дууссан талаар ярилцсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн найман орны баг тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ өгснөөр Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй болсон байна.
Мөн хуралдааны үеэр БНАСАУ болон БНСУ-ын жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд нэг далбаан дор жагсан орж ирэхээр болсон талаарх мэдээллийг өгөв. Энэ нь БНАСАУ болон БНСУ анх удаагаа зуны спортын төрөлд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа тохиолдол юм байна.
Тэмцээнийг найман орны 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулахаар болжээ.
Тэмцээн СТО-нд болох бөгөөд зургадугаар сарын 9-нд болох ганцаарчилсан барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлснээр эхлэх бол хоёр дахь өдрийн барилдаан зургадугаар сарын 10-ны өдөр багийн төрлөөр явагдах юм.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулах нь зүүн Азийн орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бие биенээ хүндэтгэх, мөн зүүн Азийн орнуудад жүдо бөх хамгийн өндөр хөгжсөн байдаг нь харилцан туршлага солилцох, шинэ залуу тамирчдыг гаргаж ирэх олон талын ач холбогдолтой байдаг талаар Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулах хорооныхон ярилцсан юм.