Хэлье гээд зориглотол, үгс
Нүдний чинь харцнаас цочоод
Хоолойд эргээд торчихлоо
Хүний алаг нүдээн…
Хорсож бачимдсан сэтгэлээ барьж ядан цухалдах бүсгүйн хөдөлгөөнийг залуу нүд салгалгүй харж сууна. Түүнийг дотроо юу бодож суугааг таахад даанч бэрхтэй. Үнэндээ хайртай залуу нь “Таван жилийн өмнө аавын чинь аминд хүрсэн тэр хүн чинь би байна” гээд ямар ч бодож санах юмгүйгээр палхийтэл Нямгэрэлд хичнээн хүнд туссан нь ойлгомжтой. Тийм ч учраас тэр яах учраа олохоо байж, дэмий л хараал урсган, дороо холхиж байлаа. Уучлал гуйн сөгдөхийн оронд бодол болон суугаа Хос-Эрдэнэ энэ бүхнийг цонхны цаанаас ажиж байгаа Төмөрийн тэвчээрийг барж байлаа. Төмөр залуугийн юу бодожэ суугааг мэдэхсэн гэхээс тайван зогсож ч чадахгүй байлаа. Нямгэрэл тун ч удаан шал ширтэн алхлаа. Тэгсэнээ гэнэт цонх руу харж зогсоод:
-Чи чухам юу болсныг яриач хэмээн нэлээд захиргуй хэлээд Хос-эрдэнэ рүү эргэж харвал тэр хөшөө мэт гөлийчихөөд ер сонссон шинжгүй сууж байв. Бүсгүйг энэ үгээ давтан арай чанга хэлэхэд тэр цочин, нойроос сэрэх мэт болодд:
-Юу? Юуны тухай ярих гэж? хэмээн гайхан асуулаа. Бүсгүйн уур энэ байдалд улам бадарч:
-Юуны чинь юу ярих гэж? Чи аавыг минь яаж алсанаа ярихгүй юм уу? гэж бачимдсандаа хашгиран хэллээ. Хос-эрдэнэ ачиж суусан хөлөө буулган, нуруугаараа урагаа бөхийн сууж, гараа салаавчлаад:
-Юу л даа гэж түүнийг ээрэхэд Нямгэрэл ширээн дээр байсан хундагатай дарсыг аван хэд балгалаад цонхны дэргэд эргэж очин зогслоо. Ханхайсан том өрөөний ханан талд нь зэрэгцүүлэн хоёр диван тавьж, голд ганц ширээ тавьсан нь амар амгаланг илтгэх аж. Гэвч бүгд л түүний яриаг сонсох гэж чих тавих мэт анир чимээгүй байх нь энд бүр олон хүмүүс суучихаад залуугийн эгц нүүр рүү зэмлэсэн харцаар ширтэх мэт сэтгэгдлийг залууд төрүүлж байлаа.
* * *
Хос-Эрдэнийг хичээлээсээ иртэл аав нь ноорхой бор гэрийнхээ ядуувтархан хогшил шиг дүнсийж харлоачихаад зуухныхаа аман дээр сууж байв. Хөвгүүн цүнхээ ор руу шидээд:
-Аав аа, та яагаад ажилдаа явсангүй вэ? Бие тань зүгээр үү? Гэж асуув. Магнай харцаа өөд болгоод: -Аав нь ажлаасаа гарчихлаа. Май, энэ ажлаас гарсаны тэтгэлэг гээд халааснаасаа мөнгө гаргаж хүүдээ өгөхдөө их л сэтгэл хангалуун байгаа хүний дүр эсгэхийг хичээсэн боловч сэтгэлийг нь ямар нэгэн зүйл шаналгаж байгаа нь харцнаас нь тодхон байлаа. Хос-Эрдэнэ: -Юу гэсэн үг вэ? Та яагаад ажлаасаа гарч байгаа юм бэ? Бид тэгээд яаж амьдрах юм бэ? гэж нэлээн бухимдсан дуугаар асуулаа. Өвгөн хүүгийнхээ толгойг өөр рүүгээ татаж духыг нь үнэрлээд: -Манай даргын нэг найз нь хөдөөнөөс ирээд, ажил олддоггүй гэнэ ээ. Тэгээд миний ажлаас бусад нь дандаа мэргэжил шаардах ажил болохоор миний оронд найзыгаа ажилд орууллаа. Аав тэгж байгаад ажил олоод хийчихнэ ээ. Миний хүү битгий санаа зов. гэж хэлэв. -Юу гэж байгаа юм бэ? Дарга чинь таныг гурван хүхэд өсгөдөгийг мэдэхгүй гэж үү? -Зүгээр дээ. Аав нь ажил олчихно. За миний хүү хувцасаа солиод, цайгаа уу. Одоо хоёр дүү нь ороод ирнэ. Битгий хэлээрэй гэж хэлэнгээ цай аягаллаа. Энэ өдрөөс хойш Магнай ажил олохоор өглөө бүр гэрээс гардаг ч орой нь уруу царайлсаар орж ирдэг боллоо. Ийм байдал үргэлжилсээр хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд тэтгэлэгт өгсөн мөнгө ч дууслаа. Гэтэл нэг орой Магнай нүүр ам нь бөөн цус нөж болчихоод орж ирэх нь тэр. Хос-эрдэнэ босон харайэж, аавыгаа түшин орон дээр нь аваачихад архины үнэр ханхалж байлаа. Хүү аавыгаа хэвтүүлээд, нүүрнийх нь цусыг арчиж байхдаа хоолойд нь нулимс зангирч байв. Гэтэл хоёр дүү нь сэрчихээд түүнээс элдвийн зүйлийг шалгааж эхлэхэд, нулимсаа барьж чадаагүй Хос-эрдэнэ цуваа нөмрөөд, үг дуугүй гарч одлоо. Дүү нар нь ардаас нь дуудсан боловч тэр огт сонссон шинжгүй цааш алхахад, мэлмэрэн урсах нулимс хацрыг нь жиндүүлж байлаа. Тэрээр нэлээн алхаад даарсанаа мэдэрч, халаасаа тэмтэрэн бээлий гаргаж өмслөө. Явсаар байгаад нэг мэдэхэд аавынхаа хуучин ажлын үүдэнд ирчихсэн зогсож байв. Хөвгүүн тэнд хэсэг зогсоод, дотогшоо ороход нь үүдний жижүүр эзгүй байсан учир түүнийг хэн ч хориглосонгүй. Тэрээр шулуухан алхсаар захирал Базарын өрөөнд очвол тэр өрөөндөө ганцаараа сууж байлаа. Нэг л мэдэхэд Базар газар унан, толгойноос нь цус урсаж, харин хажууханд нь Хос-эрдэнэ сандал барьчихаад зогсож байлаа. Энэ явдал ганцхан минутын дотор л үргэлжилжээ. Хөвгүүн тэр чигээрээ гарч гүйлээ. Тэр гүйсээр шөнө дунд гэртээ орж ирээд, шууд хөнжилдөө шурган унтахдаа Нямгэрэлтэй болзсон байсанаа ч мартаж орхижээ. Хос-Эрдэнэ өглөө сэрэхдээ өчигдөрийн явдлыг зүүд гэж бодсон учир юу ч болоогүй мэт хичээлдээ очлоо. Гэтэл өчигдөр орой Нямгэрэлийн аав ажил дээрээ хүнд хорлогдсон тухай мэдээ түүний чихний хэнгэрэгийг хагалчих шиг л боллоо. Энэ зүүд биш байсныг ойлгомогцоо тэр шууд л гараад гүйчихэв. Бүгд түүнийг найз охиныхоо аавын төлөө шаналж байна гэж боджээ. Харин хөвгүүн тэгж гүйж гарснаас хойш ангидаа эргэж хэзээ ч орж ирээгүй юм. Хэрэг гарах үеэр Базарын ажил дээр түүнээс өөр хүн байгаагүй бөгөөд хурууны хээ болон бусад эд мөрийн баримт олдсонгүйгээр зогсохгүй, сэжиглэх хүн огт байгаагүй учир энэ хэрэг илрэлгүй өнгөрчээ. Харин Хос-Эрдэнийн хувьд энэ хэрэг түүнийг ганц ч минут амраагаагүй билээ. Тэр сургуулиа орхиж чадсан ч, Нямгэрэлийг орхиж чадсангүй. Тиймээс жил гаруйн дараа түүн дээр эргэж иржээ. Бүсгүй түүнийг огтхон ч сэжиглээгүй бөгөөд харин ч хачин ихээр баярлаж угтсан учир залуу түүнд үнэнийг хэлж чадсангүй. Нямгэрэл түүнтэй байхдаа үргэлж жаргалтай байх тул хэлж зүрхлэлгүй байсаар өнөөг хүрчээ. Гэтэл түүний сэтгэл хэтэрхий их шаналах учир найз хулигаан хочтой Төмөрөөд хэлснээр тэр хайрт бүсгүйдээ гашуун үнэнийг хэлэхээр зориглосон нь энэ ажээ.
-Намайг уучлаач, хамаагүй, би тэр ялыг нь эдлэе. Харин чи л намайг уучил гэж залууг цөхрөлийн үгээ хэлэхэд бүсгүй түүн рүү хачин хүйтэнээр хялайн харлаа. Энэ харц залуугийн хамаг сүлд сүнсийг залгичих шиг л боллоо. Тэгээд бүсгүй урьд хэзээ ч инээж байгаагүй, бүр түүнээс ийм инээд гарна гэж итгэхэд бэрхээр инээж:
-Уучил. Уучил гэв үү, чи. Чи надаас аавдаа илүү хайртай юу, эсвэл надад илүү хайртай юу гэж асууж байна уу? Уучил гэнэ ээ. Чадахгүй. Би чамайг хэзээ ч уучилж чадахгүй. Чи өөрийнхөө сэтгэлээс шаналалыг ховхлож хаялаа. Одоо чи эрх чөлөөтэй болсон. Харин тэр чиний газар хаясан шаналал чинь миний зүрхэн дээр ирээд наалдчихлаа. Чиний хүсэл чинь энэ байв уу? Тийм ээ, би чамайг уучилж чадахгүй, Уучлахгүй, уучлахыг хүсэхгүй гэж хэлээд гүйн гарч одлоо. Төмөр бүсгүйтэй зөрөн орж ирээд:
-Хос оо, юу болсон бэ? гэж асуухад залуу:
-Яг миний бодож байснаар л боллоо доо гэж хэлээд шалан дээр эвхэлдэн уналаа…
Зохиолч Цэдэндамбын Баттуяа