УИХ-ын дарга М.Энхболд тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан шилдэг хүүхдүүдэд бэлэг гардууллаа

2018 оны 06-р сарын 02 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6b9dd83b-29c9-4ec6-86f2-a576c4a3b304
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, Монгол Улс 1952 оноос эхлэн “Хүүхдийн баяр”-ын энэ өдрийг жил бүр тэмдэглэж иржээ.
Баярын өдрийг тохиолдуулан “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээ болж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар баяр хүргэн үг хэлж, энэ үеэр тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан 50 шилдэг хүүхдэд бэлэг гардууллаа.
Бэлэг гардуулах ёслолд УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Монголын сүүний нэгдсэн холбооны удирдлагууд оролцов.
Монгол Улсын нийт хүн амын 36.3 хувь буюу 1.2 сая нь хүүхдүүд. “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээний хүрээнд улс орны хойч үе болсон бяцхан үрсэд сүү, тараг бэлэглэсэн нь мөн энэ өдөр Дэлхийн сүүний өдөр давхцаж буйтай холбоотой.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ энэ оны нэгдүгээр сард “Сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих уриалга”-ыг гаргаснаа онцлоод өнөөдөр хүүхэд багачуудын маань 80-90 хувь нь шүд цоорох өвчлөлтэй байна. Сүү ихэд хэрэглэсэн хүүхэд бие бялдар өсгөлүүн, чадал тэнхээтэй болдгийг бидний үеийнхэн мэдэх билээ. Тиймээс амин дэм ихтэй монгол цэвэр сүүгээ хүүхдүүддээ хэрэглүүлж заншихыг эцэг, эхчүүддээ захиж байна гэлээ.
Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ, манай улсын хувьд Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага болон сүү үйлдвэрлэгчид дэмжиж оролцлоо.
Стратегийн хүнс болсон сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед нэн шаардлагатай амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг агуулдаг бөгөөд монгол хүний хараа хурц, шүд бөх, бие чийрэг, дархлаа сайтай байдаг нь монгол малын сүү, цагаан идээгээ өргөн дэлгэр хэрэглэж байсантай холбоотой ажээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх