Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Нярай судлалын тасаг, дутуу нярай эрчимт эмчилгээний хэсгээр орж, ихэр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцлаа. Тэрээр дутуу тээлт судлалын тасгаар орж 3 ихэр, 2 ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ ихэр төрсөн хүүхдэд төрөөс үзүүлж буй тэтгэмж, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.
ЭХЭМҮТ-ийн дутуу төрөлтийн тасагт 50 гаруй хүүхэд байна. Үүнээс 2 ихэр 2, 3 ихэр хүүхэд нэг байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгааг тасгийн эмч нар танилцуулсан. Жил бүр уламжлал болж тогтсон ёсоор салбарын сайд эх хүүхдүүдийг эргэж гарын бэлгээ гардуулсан юм.
Эрүүл мэндийн салбар тэр дундаа төрөх эмнэлэгт дутагдаж байгаа аппарат, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх талаар судалгаа хийнэ гэдгээ салбарын сайд мэдэгдлээ.