ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбоо, БЗД-ийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний газар, Баянзүрх дүүргийн Сайн Дурынхны Төв зэрэг байгууллагууд хамтран “Сайн найз хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан баярын үйл ажиллагаа зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь БЗД-ийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан эцэг эх, найз нөхдийн халуун дулаан уур амьсгал, хайр хүндэтгэлийг мэдрүүлэх, залуучууд хойч үе, хүүхэд багачуудыг дэмжих, тэдгээрт үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн сайн дурын бүлэг гэж бий. Эдгээр эцэг эхчүүдийн гэр бүлийн санаачлага, хүсэл зорилгоор өнөөдрийн үйл ажиллагаа биелэлээ олж байна хэмээн МЗХ-ны дэргэдэх Сургалт Судалгааны Полиси Төвийн гүйцэтгэх захирал Б.Цэвэлмаа хэлсэн юм. Австралийн Ротари-гаас “Хүүхдийн тэргэнцэр” ТББ-д хандивласан 5 ширхэг хүүхдийн тэргэнцэрийг гардуулан өглөө.
Манайд одоо ашиглагддаг хүүхдийн тэргэнцэр нь хатуу биетэй материалаар хийгдсэн, суудлын зөөлөвч тухгүй байдаг болохоор хүүхэд удаан суухад нурууг нь холгохоос эхлээд маш олон асуудлууд байдаг. Тэргэнцэрийн хэрэгцээ шаардлагатай маш их хүүхдүүд байгаа ч эхний ээлжиндээ нэн шаардлагатай гэж үзсэн 5 хүүхдийг тэргэнцэртэй болгож, тухайн тэргэнцэрийг авсан хүүхдүүд өөрсдийн насны онцлог, биеийн жиндээ тааруулж тохиргоогоо хийх ба хичээлээ хийх болон хоол идэхдээ ч тав тухтай ашиглах боломжтой юм. Мөн тус арга хэмжээ нь хүүхдүүдэд зөвхөн амттан бэлэглэхээс илүүтэй амьдрал ахуйд нь хэрэгцээтэй, түүнд шаардагдах материаллаг зүйлс болох ор дэрний цагаан хэрэглэл, сэргээн засах эмчилгээнд хэрэглэгдэх хамгийн шаардлагатай тос зэргийг гарын бэлэгний хамт дагалдуулж өгөв.
Мөн МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй: Энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон илүү өргөн цар хүрээтэй хийх болно. Мөн бусад Аж ахуйн нэгж байгууллагууд, Иргэд олон нийтийг уриалсан ажлууд манайд нэлээн зохиогдож байгаа. МЗХ-ны дэргэдэх“Их Монгол Хүүхдийн Холбоо” хүүхдийн баярт зориулсан хүүхдийн хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон ажил хийхээр төлөвлөөд байгаа хэмээв. Өнөөдрийн Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийт БЗД-ийн 13 дэлгүүр 4 компани 2 иргэн, Хүүхдийн тэргэнцэр ТББ, гэх мэт нийгмийн хариуцлагаар манлайлагч нар оролцон өөрсдийн дэмжлэг хувь нэмрийг оруулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд оролцсон 100 хүүхдэд 100 ор хөнжлийн хэрэгсэл, 100 хүүхдийн бэлэг 5 тэргэнцэрийн дэмжлэг үзүүллээ.