Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн хүн амын тогтвортой хөгжилд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягыг өөрчилж байгальд илүү ээлтэй “Ногоон” хэв загварт шилжиж байна. Тиймээс Монгол эрдэмтдийн судалгаа, туршилтын үр дүнд бий болсон инноваци, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжих шаардлагатай байгаа. Иймээс Монгол орны нөхцөлд тохирсон байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа шийдлийг нэвтрүүлэх, олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд бизнесс эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид, гарааны бизнесс эрхлэгчдийг хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллага оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэн, зөвөлгөөнийг зохион байгуулж байна.
Үзэсгэлэн, зөвөлгөөнийг БОАЖЯ, МҮХАҮТ-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн 6 дахь арга хэмжээг Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэнд 60 гаруй аж ахуй нэгж байгууллага техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
“ИКОН” ХХК-ийн төслийн инженер М.Энхжин
-Манай ИКОН компани нь 2002 оноос Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Ерөнхийдөө дулааны тоолууран дээр голлож үйл ажиллагаа явуулдаг. Бид Европ стандартын шинэ тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр айл өрх хэрэглээгээ задгайгаар биш хэрэглээн дээрээ суурилан төлбөрөө төлөх боломжтой болох юм.
“Дархан Сэлэнгийн ЦТС” ХК-ийн Мэдээлэл технологи, автоматикийн албаны парга О.Сэр-Од
– “Дархан Сэлэнгийн ЦТС” ХК нь 2012 оноос цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд бид ухаалаг тоолуурын системээ танилцуулж байна. Энэхүү тоолуурыг нэвтрүүлснээр алдагдал буурч байгаа. Ингэснээр 14 тонн хүлэмжийн хийг хэмнэх боломжтой учраас ухаалаг тоолуурын системээ танилцуулж оролцож байгаа юм.
Мөн өнгөрсөн жилүүдийн үзэсгэлэнгийн үед дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-ы зүгээс анхаарч, байгаль орчинд ээлтэй 41 төрлийн тоног төхөөрөмжийг Аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн нь ногоон технологийг дэмжиж татварын орчинг бүрдүүлсэн шинэлэг ажил болсон. Уг тогтоолын дагуу 2017 оны жилийн эцсийн байдлаар 15 аж ахуй нэгж 33 тэрбум төгрөгийн орлогод ногдох хөнгөлөлтийг эдэлсэн нь аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг туслалцаа болж байгаа юм.