Самар эмгэн /Сургамжит өгүүллэг/

2018 оны 05-р сарын 28 өдөр, 19 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
samar

Хүмүүсийг хувилгадаг нэгэн эмгэн байжээ. Түүний гар нь урт, шүд нь хурц, бөгтгөр нуруутай, хавирган сар шиг ясархаг биетэй гэнэ. Түүнийг харсан хүмүүс ховор ч хааяа үүр гэгээрэх үед үзсэн хүмүүс түүнийг эртэч эмгэн гэж хэлэлцэж тэр өдрийг азтай явах нь гэж самрын яс хугалдаг заншилтай болжээ. Тийм ч учраас түүнийг Самар эмгэн гэж нэрлэцгээнэ. Эмгэн самрын яс хагарахад доторх үрийг нь идэх гэж эргэж ирдэг гэж үздэг байв. Түүнийг шуудайтай юм үүрч явдаг гэлцдэг бөгөөд тэрийг нь самар ч гэж хүмүүс ярилцдаг байв.
Эмгэн туслах хүндээ тусалж, бас хорлох хүнээ хорлочихоод яваад өгдөг ажээ. Нэгэн удаа самар эмгэн айл гэрийг үймүүлж, эхнэрийг нь эзгүйчилж явдаг нэгэн хүүхэнтэй таарчээ. Хар үүрээр айлын гэрээс гараад хаашаа ч юм бэ хулгайч шиг яаран алхах түүн дээр эмгэн хүрч очоод
– Хүү минь ээ чамд ингэж явах чинь сайхан байдаг гэжүү, одоо ингэж айл гэр үймүүлэхээ больж үз гэж хэлэхэд
– Хог лааз түүж явдаг, хогийн тантан шиг хувцастай хөгшин шулам чамд ямар хамаа байна гэж хүүхэн хэлээд хэнэг ч үгүй цардмал замаар товор товор алхан цааш явж одоход Самар эмгэн уурлан шуудайнаасаа нэгэн самар гаргаж ирэн түүний араас шидэхэд тэр бүсгүй тэр дороо нүүр нь үрчийж, үс нь ширэлдэн шүүр шиг болж хөл гар нь тахийн хачин муухай хөгшин эмгэн болон хувирав. Анхандаа түүнийгээ мэдээгүй ч аяандаа явах тоолонд нь хүмүүс түүнрүү аймаар хараад байхаар нь гоё янзалсан үсээ хойш нь болгох гэтэл гарт нь аймар шүүр шиг юм баригдахад нь эгээтэй л ухаан алдаж унасангүй бушуухан шиг цүнхнээсээ толио гаргаж ирэх гэтэл өөрийнх нь гар яг л өнөө эмгэнийх шиг хувхайж цайсныг хараад муужран унав. Тэгээд ухаан ороход тэрээр эмнэлэгт хэвтэж байв. Юу болоо вэ, яагаа вээ, надад толь өгөөч гэж орилоход хажууд нь байсан хүүхэн гайхан түүнрүү харж
– Эмээ минь та тайван байхгүй бол болохгүй шүү, таны даралт ихэснэ гэхэд нь
– Юу яриад байгаа юм бэ, эмээ гэнээ, чи яаж намайг эмээ гэж чадаж байнаа гэж хэлэн хөнжилөө сөхөн босоход нь хоёр хөл нь хулс шиг нарийхан болж, хумс нь ургаж махийсан байхыг хараад ахиад л ухаан балартан унав гэнэ. Ухаан нь орж гаран байхад нь эмч нар орж ирэн
– Эмээ, эмээ сэргээрэй, алив энэ хөгшинд дусал залга гэх нь сонсогдож байв.
Бүсгүйн нүднээс гомдлын нулимс өөрийн эрхгүй урсан гарлаа. Толь өгөөч гэж сувилагч руу харан сулхан дуугарав. Сувилагч хармаанаасаа жижигхэн толь гарган өглөө.
Түүний өчигдөрхөн өнгө өнгөөр алаглуулан будаж байсан дэрэвгэр хар сормуустай давхраатай алаг нүднийх нь оронд ширгэж байгаа нуур шиг сөлийсөн хоёр нүд урдаас нь ширтэхэд тэрээр итгэж өгсөнгүй дахиад л цаашлуулан харвал өндөр шулуун хамрынх нь оронд үл мэдэг төвгөр хоёр нүх л харлаж харагдав. Хайртай гэж олон залуус хазан шимэн үнсэж байсан уруулын будаг хайрлаж үзээгүй улаахан сарнай шиг уруулынх нь оронд урьд хожид үзэгдэж байгаагүй шимгүй хоёр зураас л үлдэж,
аа гээд ангайхад нь арзгар цагаан шүднийх нь оронд сиймхий хэдэн цөгц л үлдсэн нь түүнд энэ хорвоо хөмрөх шиг л санагджээ. Хувирч өөрчлөгдсөн дүр төрхөө засаж хичнээн залуу болъё гэж бодсон ч болснгүй.
Гэнэт түүний чихэнд “Өөрийн гэмээ ухаарч, өдөр бүр сайн үйлс бүтээ, тэгвэл нэг нэгээрээ чиний эд эрхтэн чинь сэргэж буцаад хуучин хэвэндээ орох болно” гэсэн Самар эмгэний үгийг сонсогдож уур нь хүрэв. Тэр өөрт нь шударга бус хандлаа гэж бодож байлаа. Учир нь өнөөдрийн нийгэмд өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч байгаа хүн хэд байгаа билээ дээ гэж бодов. Тэгсэн ч тэр эцэст нь ухаарч өөрт тохиолдсон энэ гайг өрөөл бусдад тохолгүй өөрөө л үүрч гаръя гэж шийдэн эмнэлгээс гарлаа.
Тэрээр шоолж байсан эмгэнээ дуурайн шуудай үүрэн, шил лааз үүрэн амиа зогоох ийм өдөр ирнэ гэдгийг зүүдлээч үгүй явсан болохоор ах дүү нар дээрээ очсонгүй аль болох холуур яван өөрийн амьдралаа тэгээс эхлэхээр шийджээ. Урьд нь харж байсан муу муухай гэж бодож явсан бүхэн нь түүний нүдэнд сайхан харагдаж, баячуудаас илүү ядуу хүмүүс илүү хүн чанартай юм байна гэдгийг олж мэдэв. Удалгүй олон сайхан найз нартай болж,түүнд хорооноос гэр өгөхөд тэрээр гэрээ холоо гэгч нь барин мод тарьж, цэцэг ургуулж ядуусыг тэтгэн, үр жимсээр нь хүүхдүүдэд ундаа хийж өгөн баярлуулснаар жинхэнэ азжаргалыг мэдэрч, өдөр бүр инээмсэглэн сэтгэл хангалуун амьдрах болжээ. Өдөр бүрийнх нь сайн үйлийн үрээр түүний эд эрхтнүүд өдөр ирэх тусам нэг нэгээрээ өөрчлөгдсөөр 10 жилийн дараа гэхэд тэрээр ид залуу гоо үзэсгэлэнгээ олж авчээ.
Хэдий гоо үзэсгэлэнт залуу насаа олж авсан ч урьдын адил амьдрахыг хүссэнгүй, үнэнчээр ажиллаж хөдөлмөрлөн өөрийн чадах бүхнээ бусдын төлөө зориулан бурхны түүнд буцааж бэлэглэсэн амьдрал ямар үнэ цэнэтэйг ойлгож өглөө бүр талархан залбирч амьдрах болжээ. Ингэж өөрчлөгдсөн түүнийг хараад Самар эмгэний ч нас уртсан, буян нь нэмэгдэж, амьдрал хэмээх агуу бэлгийг авчихаад ямар ч бодолгүй өнгөрөөж байгаа өөр олон хүмүүст сургамжаа өгөхөөр шуудайгаа үүрэн одсон юм гэнэ лээ.
Та ч гэсэн өнөөдөр алдаа хийж байгаа бол тантай Самар эмгэн тааралдаагүй дээр эртхэн өөрөө алдаагаа ухаарч, өрөөл бусдад үргэлж сайн сайхныг хүсч, хийж бүтээж амьдраарай!
Самар эмгэн бас сайн үйл хийж байгаа хүнийг сайшаан урамшуулж, сайхан хувь заяаг бэлэглэдэг ид шидтэй юм гэсэн шүү!
Тиймээс үргэлж сайныг ярьж, сайныг сонсож, сайныг түгээж байгаарай!
О.ӨНӨРЦЭЦЭГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх