Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ жил Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэж байна. Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Хүндэтгэлийн жагсаал” хийлээ. “Амар амгалан” нэртэй баярын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Баярын арга хэмжээг зөвхөн шашны талаас бус нийгэмд зөв хандлагыг уриалах, хүнлэг энэрэнгүй байх, бясалгал үйлдэхийг уриалж байгаа юм.
Бурхан багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүр үзүүлсэн 3 үйл явдал давхацдаг Их Дүйчэн өдрийн Бурханы шашин дэлгэрсэн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү арга хэмжээний хүрээнд Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.
“Бурханы ариун нандин ринсрэлд мөргөн залбирахын утга учир нь хүн сэтгэл санаагаа ариусгах, оюун ухаанаа хөгжүүлж, оюун ухааны гайхалтай түвшинд хүрэх зорилго болоод зогсохгүй муу заяаны зовлонгоос гэтлэн аливаа гай тотгор, өвчин зовлонгоос ангижирч, ажил vйлс нь дэвжин дээшлэх гайхалтай учрал тохиол тохиодог” гэж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.