Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбоо, Салхины эрчим хүчний ассоциаци хамтран Сэргээгдэх эрчим хүчний үндэсний 9-дүгээр форумыг зохион байгууллаа. Форумд төр, хувийн хэвшлийн нийт 170 гаруй байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцож, 13-н илтгэлийг хэлэлцүүлэв.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсад нийт суурилагдсан хүчин чадлын 12 хувьтай тэнцэх нар салхины эрчим хүчийг ашиглаж байна. Цаашдаа 2019 оны төгсгөл гэхэд бид нийт суурилагдсан хүчин чадлын 22-25 хувьтай тэнцэх 300 орчим МВт-ын хүчин чадал бүхий нар салхины станцуудтай болно. Дэлхий нийтийн чиг хандлага ч мөн адил сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байна. Бид байгаль орчинд хор нөлөөгүй сэргээгдэх хүчний эрчим хүчийг ашиглах ёстой. Өнөөдрийн байдлаар бид хэд хэдэн гарц хайж байна. Үүнд – Сэргээгдэх эрчим хүчийг нөөцөлж ашиглах боломжийг судлаж, горимд хурдан шилжих боломжтой станцуудыг бий болгохыг зорьж байгаа юм. Тухайлбал: “Эгийн гол”, “Эрдэнэбүрэн”-ийн станцуудыг сонирхож байна. Мөн метаныг олборлох замаар 200МВт-ын хүчин чадалтай станц байгуулах судалгаа хийж байна. Бидний алсын том амбиц бол Азийн супер сүлжээ юм. Зүүн хойд азийн орнуудад хэрэгцээтэй байгаа эрчим хүчийг хангахад говийн нар салхийг ашиглах юм. Энэ чиглэлээр олон улсын байгууллага байгуулагдсан. Үүнийг бид ашиглаж чадвал Сэргээгдэх эрчим хүчний салбарт маш том дэвшилт болно. Бид дэлхий нийтийн туршлагаас хэрэгжүүлж энэ салбарыг хөгжүүлнэ. Угаасаа дэлхий нийт тийшээ хандаж байна” гэв.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсанаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2013 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, 2017 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны цахилгаан станц тус тус ашиглалтад ороод байна.
2018 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах “Нарантээг” ХХК-ийн 15 МВт-ын нарны цахилгаан станц, Төв аймгийн Сэргэлэн суманд баригдах “Тэнүүн гэрэл консракшн” ХХК-ийн Хөшигтийн 15 МВт-ын нарны цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдах “И Эс Би Солар Энержи” ХХК-ийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах “Сайншанд салхин парк” 50 МВт-ын салхин цахилгаан станцуудын барилга угсралтын ажил хийгдэж байна.
Форумын хүрээнд МУИС, ШУТИС хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Үүнд сэргээгдэх эрчим хүчний салбарын оюутан, судлаачдын 20 гаруй илтгэл тавигдсан.