Туулын голын хойд талын хэсэг нь Туул голын хамгаалалтын бүс нутаг. Энэхүү хамгаалалтын бүсэд маш олон тооны орон сууцнууд баригдсан байдаг. Тухайлбал KHAN HILLS, RIVER TOWER, TIME SQUARE зэрэг томоохон хотхонууд баригдчихсан байгаа юм.
Эдгээр хотхонууд ундны болон ахуйн хэрэглээнийхээ усыг, Туул голыг тэжээдэг гол судлуудыг дайруулсан гүний худгаас татан авч хэрэглэдэг юм байна. Энэ нь туул голын усыг татрахад хамгийн том нөлөө үзүүлж байгаа бөгөөд нийслэлийн 1 сая 500 мянган иргэнийг уух усгүй болгох аюулыг авчраад байна. Үүний хамгийн гол шалтгаан нь туул голын хамгаалалтын бүсэд олон тооны орон сууцны хотхонууд баригдсантай шууд холбоотой юм. Энэхүү туул хамгаалалтын бүсэд орон сууц барих зөвшөөрөл олгосон явдал нь үе үеийн эрх мэдэлтэй албан тушаалтнуудын буруугаас үүдэлтэй бөгөөд нийслэлийн иргэдэд уух ундны усгүй болох асуудал үүсээд байна.
Энэ талаар Туул голын ай сав газрын захиргааны дарга Я.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Туул голын хамгаалалтын бүсэд барилга орон сууц ихээр баригдаж байна. Газрын зөвшөөрөл хаанаас олгож байна. Одоогоор хичнээн газарт зөвшөөрөл өгсөн байгаа вэ?
-Туул голын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тэр дундаа Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүрний гол хүртэлх хэсэгт, туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс байдаг. Энэ хэсгийн 14-15 километр газарт Богд хаан хамгаалалтын захиргааны бүс бас давхар явдаг. Мөн голын хойд талын эрэг 50 метр, 200 метрт энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд давхар явж байгаа. Голынхоо хойд талд нийслэлийн нутаг дэвсгэрт орж явдаг. Харин голын урд хэсэг нь Богд хаан хамгаалалтын бүсэд давхардаж харьяалагдаг. Энэ хэсэг 2013, 2014 оноос эхлээд БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газрын даргын зөвшөөрлөөр нийтдээ 52 газар олголт аялал жуучлалын чиглэлээр хийгдсэн байгаа. Зарим хэсэг нь зориулалт нь өөрчлөгдөөд орон сууц, амралтын газар зэрэг байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа газрууд байна. Үйл ажиллагаа явуулаагүй хоосон газрууд ч байгаа.
-Аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газрын зөвшөөрөл авсан байгууллагууд үйл ажиллагаа өөрчилж барилга байгууламж болон амралтын газар барьсан байгууллагуудад ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-БОАЖЯ-ын сайдын тушаалаар 52 аж ахуйн нэгжийн газраас 48 аж ахуйн нэгжийн газрыг цуцалсан байгаа. Энэ асуудал дээр газар чөлөөлөх шалгалтуудыг хийгдээд явж байгаа. Хамгаалалтын бүсэд газар цуцлагдсан ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байна. Шаардлага тавиад шаардлага биелүүлдэггүй. Очоод хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар оруулдаггүй. Мэргэжлийн болон төрийн байгууллагатай эргэж харьцдаггүй хүнд суртал гаргасан компаниуд тодорхой хэмжээгээр байгаа. Энэ асуудал дээр яамнаас ажлыг хэсэг байгууллагдаад ажиллаж байна. Манай захиргаа болон Богд хаан хамгаалалтын захиргаа, БОАЖЯ-ны тусгай хамгаалалтын газрууд ажиллаж байна
Газрын зөвшөөрлийг цуцлах зэрэг эрх манай захиргаанд байдаггүй
-Танайхаас ямар нэгэн арга хэмжээ авч болдоггүй юм уу?
-Манай захиргааны хувьд тогтоосон хамгаалалтын бүсэд хяналт тавих шаардлагатай төсөл хөтөлбөр дээр санал дүгнэлт гаргаж өгөх бүрэн эрхийн хүрээнд ажилладаг. Түүнээс биш газрын эрх олгох, газрын зөвшөөрлийг цуцлах зэрэг эрх манай захиргаанд байдаггүй. Устай холбоотой санал гомдлууд хувь хүн болон албан газраас ирдэг. Энэхүү гомдлын дагуу газар дээр нь очиж шалгалт хийхгээд явахаар газрын асуудал болоод хувирдаг. Иймээс бид нарт газрын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь байдаггүй учраас нийслэл, яам болон холбогдох газарт нь ханддаг. Туул голтой холбоотой төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг байнга хийдэг. Сар болгон туул голын дагуу болон түүний цутгал голын дагуу өдрийн болон шөнийн эргүүлийг хийж байна. Энэхүү шалгалтаар тодорхой хэмжээний зөрчлүүд гарч байна. Жишээлбэл энэ онд Улаанбаатар хотод байгаа хуучирч муудсан акталсан барилгыг их хэмжээгээр буулгаж байна. Үүнийхээ хог хаягдлыг хаяж байна. Уг хог хаягдлыг зориулалтын хогийн цэг дээр хаях ёстой. Гэтэл шөнийн цагаар Сонсголын гүүр өнгөрөөд туулын бургас руу асгах зөрчил их гарч байна.
-Томоохон орон сууцнууд хамгаалалтад бүсэд орчихсон байгаа шүү дээ.Үүнийг яах вэ?
Анх бол Улаанбаатарын нутаг дэвсгэр дээр байгаа хамгаалалтын бүсэд болон усан хангамжийн хамгаалалтын бүс нь өмнөх тогтоол болох 194 дүгээр, 289 дугаар тогтоолоор хамгаалагддаг байсан. Харин шинэчлэгдээд НИТХ-ын 50 дугаар тогтоолоор ахиад хилийн бүс шинэчлэгдсэн. Хилийн бүс шинэчлэгдэхээр томоохон хотхонууд өмнө нь хүчин төгөлдөр байсан тогтоолоор хамгаалалтын бүсээс дотогшоо ороод явчихсан. Иймээс шинэчлэгдсэн тогтоолуудаар хамгаалалтын бүс дотогшоо гол тал уруугаа хумигдсан байгаа.
Зарим газрууд өөрийн гэсэн хувийн худагтай байдаг
-Эдгээр орон сууцууд хаанаас усаа авч байна вэ?
-Хойд талын хэсэг төлөвлөрсөн шугамаас авч байгаа. Зарим газрууд өөрийн гэсэн хувийн худагтай байдаг.
-Гүнийг худаг ухаж гаргаснаар Туул голын урсгалд нөлөөлөх үү?
– Мэдээж нөлөөлнө. Ямар нэгэн зүйл хэм хэмжээтэй байдаг. Тодорхой хэмжээнд барьж байхгүй бол айл болгон хашаандаа худаг гаргаад албан байгууллага болон худаг гаргаад байхын бол газрын доорх усны нөөцөд болон туул голын урсгалд сөргөөр нөлөөлнө. Гүний худагны зөвшөөрлийг нийслэлийн байгаль орчны газраас олгодог. Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байгаа.
-Хориглосон байхад яагаад зөвшөөрөл олгоод байдагийн вэ?
-Хамгаалалтын бүсэд хоёр сайдын тушаалаар баталсан, бүсийн дэглэм гэж байдаг. Бүсийн дэглэмээр ямар үйл ажиллагааг зөвшөөрөх үү ямар үйл ажиллагааг зөвшөөрөхгүй вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Хамгаалалтын бүс болон усан хангамжийн бүс дотор усан хангамжтай холбоотой барилга байгууламж, худгийг судалгааны зориулалттай худаг цооног гаргахыг зөвшөөрдөг. Бусдыг хориглосон заалтууд явагдаж байгаа.
Аялал жуучлалын чиглэлээр өгдөг
– Одоо газар олголт явагдаж байгаа юу?
Нийслэлийн засаг даргын 609 дугаар захирамж гарсан. Одоо нийслэл хотод шинээр газар олгохгүй. Мөн газрын сунгалтын хугацаа дууссан тохиолдол дахин сунгалт хийхгүй гэсэн захирамж гарсан байгаа. энэ нийслэл хотын хэмжээнд мөрдөгдөөд явж байгаа.
-Ер нь Туулын голын ой сав газарт ямар зөвшөөрөл олгодог вэ?
-Нийслэл хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд худгийн зөвшөөрлийг нийслэл Байгаль орчны газар олгож байгаа. Хамгаалалтын бүсэд олгохгүй байгаа. Аялал жуучлалын чиглэлээр өгдөг. Харин үйл ажиллагаа явуулаагүй 3-5 жил болсон газрын зөвшөөрлийг яамнаас цуцалж байгаа. Хот төлөвлөлттэй холбоотой дөрвөн том гүүр туул гол дээр баригдаж байна. Энэхүү гүүрний ажлууд дээр манайхаас үйл ажиллагаа явуулах судалгааны зориулалттай цооног гаргах зөвшөөрлийг олгож байгаа. Бусад асуудал дээр бол зөвшөөрөл өгдөггүй.
-Туул голын хойд хэсэгт баригдсан томоохон хотхонууд хууль зөрчиж баригдсан уу?
-Одоо маршалын гүүрнээс наашаа Стандарт групп, Номин гэх мэт бүх барилгуудын хойд талаар Туулын голын үерийн шороон далан явж байсан. Энэхүү үерийн далангаар хамгаалалтын бүс нь тогтоогдож байсан. Харин томоохон хорооллууд үерийн далангийн урдаа орчихсон. Энэ нь хамгаалалтыг бүсийг зөрчөөд орчихсон байгаа.