Харуусал /өгүүллэг/

2018 оны 05-р сарын 25 өдөр, 11 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
haruusal

Түүнд амьдрал хэтэрхий хатуу, өршөөлгүй мэт санагдана. Эргэн тойрны бүх л зүйлс өнгөгүй харанхуй харагдаж, голдрилоо
даган урагшлах их хотын хөдөлгөөнт амьдрал, юунд ч юм яаран алхах хүмүүсийн аль нь ч түүний сэтгэлийг эс хөдөлгөж гагцхүү үзэн ядалт, хязгааргүй харууслыг төрүүлэх нь юуны учир вэ?

Түшиг ээжийнхээ ганц нар нь билээ. Ухаан орохоосоо л ээждээ өмөг түшиг болж, уйлах дуулах алин бүхэнд гагц ээжээрээ л аргадуулж, ээжийн өврийг булаалдах ахан дүүгүй, өндөрт өргөөд өхөөрдөн үнсэх аавгүй өссөн болоод ээждээ тэр амин голоосоо хайртай.Түүний ээж дарь эхийн хувилгаан гэлтэй сайхан эмэгтэй бүх л амь амьдралаа хүүдээ зориулж, өндгөө дарсан шувуу мэт үрээ бөөцийлөн бөмбөрүүлж өсгөхдөө, жаргал зовлонгийн алинд ч барьц үл алдах сэтгэлийн тэнхээтэй эр хүн болгож хүмүүжүүлэхийг зорьсон билээ.

Ээж хүү 2 үдэш бүр ганцхан үлгэр ярилцана. Тэр үлгэрт хүү эрийн цээнд хүрч, эхнэр аваад өнөр өтгөн сайхан амьдарч, өндөр настай ээжтэйгээ энх тунх, мөнх жаргасан тухай өгүүлдэг юм. Ээжийнхээ үлгэрийг шимтэн сонссон Түшиг хүү:

-Ээжээ би ийм олон хүүхэдтэй болно гээд гар хөлийнхөө 20н хурууг оролцуулан тоолоод ч түүний мөрөөдөж явдаг олон хүүхдийн талд ч хүрдэггүй болохоор ээжийнхээ гар хурууг оролцуулан байж сая нэг сэтгэл амардагсан…

…Түшиг нэр шигээ сайхан залуу. Туйлын цэвэрхэн царай, боловсон зан, ухаалаг яриатай түүнд унан тустлаа дурлаж ил далдуур эргүүлэх охид захаас аван байх авч угаас эмэгтэй хүнийг бурхан лугаа хүндэлдэг сайх залуу охидын гэнэн сэтгэлээр зугаацан тоглохыг огтхон ч хүсэхгүй байсаар намрын нэгэн налгар өдөр ээждээ үнсүүлэн, хонгор бүсгүйчүүдийн итгэл хүлээлтээр үдүүлэн харийн нутаг руу эрдмийн их аянд мордов.

Хүний нутаг хатуу ч угаас сэргэлэн тэрээр төдий л барьц алдсангүй.Амьдрах орчин , ажил үйлс нь урьдаас захиалсан мэт амархан төвхнөж, төрж өссөн Монголоос нь төдий л ялгаагүй санагдах болсон ч хүүгээ хүлээн ганцаар хоцорсон ижийгээ санах нь Түшгийн сэтгэлд хэцүү байлаа. Эгэл жирийн өдрүүд урсан өнгөрч сурахын зэрэгцээ нэгэн диско клубт зохион байгуулагчаар ажилласаар 2 жилийг ардаа үдсэн хаврын нэгэн өдөр сэтгэл гэгэлзүүлж, зүрх догдлуулсан хосгүй учрал тохиосон юм.

Тэр дурлачихжээ. Үзэсгэлэн гоогоо гайхуулан, уян налархай тайчин бүжиглэгч харийн бүсгүйд сэтгэл алдан, залуу насны гал халуун дурлалдаа мансууран жаргаж явахдаа нүдээ олоогүй нүгэлт хайр түүний амьдралд хар зам татуулан айсуйг ухаарах нь атугай зүүдэлж ч явсангүй.

Нандин хайртайгаа учрав гэж сэтгэл хөөрөн явахдаа сэтгэлт харь бүсгүйдээ хар нүдээ ч ухаж өгөхөөс буцахгүй хамаг бүхнээ зориулан, хамтын амьдралаа төвхнүүлэх гэж хичээн зүтгэж явахдаа хайртай ээжийгээ мартах дөхсөн нь хачирхалтай.

Аз жаргалтай өдрүүд төдий л удаан үргэлжилсэнгүй. Түшгийн дурлалт бүсгүй харь сэтгэл гарган хааяа гадуур тэнэхдээ хар тамхи хэрэглээд зогсохгүй болох бүтэхгүй хүмүүстэй нөхөрлөж элдвийн хэрэг өдүүлдэг танхай хүүхэн байжээ. Тэр ч байтугай нэгэн үдэш хар тамхины наймаачин гэх мансуурсан залуус Түшгийн өрөөнд халдан ирж:-Чиний хүүхний хэрэглэж мансуурсан тамхины тооцоо.Одоохон төлөхгүй бол цагаач төлөг чамайг энэ донтой хүүхэнтэй чинь цааш харуулна хэмээн буу зэвсгээр айлган сүрдүүлж, хамаг өнгөтэй бүхнийг нь авч одсон удаатай.Энэхэн үеэс л харийн нутаг хатуу, хүний сэтгэлийн хүйтнийг ухаарсан монгол залуу хойшдын замаа эргэцүүлэн бодож, эр хүний харам нулимсаа тэвчиж үл чадан эх сайхан нутгаа элэг зүрхнээсээ үгүйлэн санасан билээ. Тэгээд л нэгэн өдөр бүхнийг орхин нутагтаа гүйсэн морин адил эжийгээ зорин ирсэн юм…

…Энэ яваа насандаа хал үзэж, халуун чулуу долоосон нь нүүрэндээ илхэн эл буурал эмч түүнийг халгаж өрөвдсөн нүдээр ширтэн сууснаа, эр хүний хатуу зангаар:

-Хүү минь чи залуу насаа хайрлахгүй яав даа! гэхэд аль түрүүнээс яс нь хавталзаж суусан Түшиг ихэд цочирдож, 2 чихэндээ үл итгэн горьдлого дүүрэн харцаар эмч рүү харахад, хөөрхий тэр буурал өөрөө л буруутан мэт газар ширтэн:

-Хүндрэх шатандаа орчихсон байна шүү дээ хэмээн арга нь барагдсан өнгөөр хэлэв. “ Өдий хүртэл бодохоос ч айж ичин, хар дарсан зүүдэндээ ч харж яваагүй тэр аюулт тахлын нянг тээгч болчихлоо гэж үү?. Moнголын … дэх тохиолдол.28 настай, өндөр боловсролтой, бизнесмэн залуу. Бурхан минь та намайг яагаад ингэж хүндээр шийтгэж байгаа юм бэ?”. Зүрх нь ийн цусаар уйлж байлаа.

Навчис хөглөрөн намрын сүүлчийн бороо цонхны гадаа асгарна. Эзнээ үгүйлэх тэмдэглэлийн дэвтэр , элэгдэж хуучраагүй бичгийн ширээ , эмх цэгцтэй саруулхан өрөө нэг л уйтай.

“Өглөө бүр үнсэн сэрээж,өгөөмөр хайраар тэтгэн,залуу насны жаргалаа огоорч зөвхөн үрээ л гэж явсан ачлалт ээжийгээ сэтгэлийн зовлонд учруулж, ганц олдох амьдралыг нь там болгохоор төрсөн буг чөтгөр гэж үү би. Монгол сайхан бүсгүйн заяаг гомдоож сохор мэт өнгөрсөн буруу санаат миний нүгэл нүдээрээ гарч бурхнаас ийм шийтгэл оноогоо биз ээ. Суут Чингисийн удмын дайчин цөст Монгол хүмүн атлаа мөнх хөх тэнгэртээ тэрслэн харийн орныг диваажинд тооцон, холимог цустныг бурханд бодож яваа хэн боловч тэнэгэр талаа, тоонот гэрээ, туурт хүлгээ зорин заавал ирээрэй. Энд чамайг ээжий аав тань, элэг бүтэн гэр бүл, элгэн садан Монголчууд чинь хүлээж суугаа шүү!”.

Тэмдэглэлийн дэвтэрт эр хүний хатуу нулимсаа тэвчин байж бичсэн гаргацтай мөрүүд зурайна. Үг, үсэг бүрээс түүнийг эрэхдээ үүлэн чөлөөний наран адил үзэгдээд өнгөрсөн амьдралынх нь уярал ухаарал, харамсал харууслыг олж мэдэрсэн хэдий ч мартамгүй сайхан инээмсэглэл, хүүхэд шиг цайлган томоогүй тэр нэгэн сайхан хүнтэй эргэн учрахгүй гэхээс сул асгарах нулимсан дуслууд энгэр нэвтлэн норгож, энэрэлгүй хатуу хорвоогийн өчүүхэн тоглоом мэт хүмүн заяагаа үгүйсгэн үзэн ядмаар…

Гэвч амьдрал үргэлжилсээр л…

Зохиогч: Алтангэрэлийн Нарангарав

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх