Гүрмэд панз /Өгүүллэг/

2018 оны 05-р сарын 23 өдөр, 09 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
660527_47547_x974

Манай нутагт намайг бага байхад Гүрмэд панз гэж хүн байсан юм.Морийг дандаа хос хосоор нь хөтөлж унана.Өөрөө адуу олонтой сайхан морьд ихтэй хүн л дээ .Хаа сайгүй л нэр нь дуулдаж байдаг Гүрмэд панз бол нимгэн шаравтар царайтай тавь эргэм насны цэмбэгэр хүн. Яриа хөөрөө гэж амьтан хүнийг ангайлгамаар уран цэцэн үгтэй дуулна, шүлэглэнэ ер нь бол юм юмны захтай  адтай хүн л дээ.Адуунд их  эртэй мөрий тавиад л эмнэг дээр мордохдоо холбирч үзээгүй юм гэнэ лээ.

.Жаахан хэдэр ядар зантай гэж ярих ч наймаан дээр бол хайлсан тугалга шиг болж хэний ч гараас авах гэсэн зүйлээ салгаж чаддаг гэнэм.Хүний арга эвийг олохдоо сайн хөнгөн зальтай ер нь их хэцүү хүн гэж хүмүүс ярихыг сонссон ч би  Гүрмэд гуайг харин биширнэ.Хэзээ нэгэн цагт Гүрмэд гуай шиг олон сайхан адуутай. Тарган тарган морьд унаж наймаа хэлэлцэн гарын атганд багтахгүй шахам том цагаан хаш хөөрөгөөр хөөрөглөхсөн гэж боддог байлаа.

 Гүрмэд гуайн эхнэрийг их хол нутгийн хүн гэж ээжийгээ би Думаа эгчид ярьж байхыг нь дуулсан .Нансаа гэж өндөр нуруутай алхаа гишгээ нь намблагхан тэр эгч Гүрмэд гуайд гурван сайхан охин төрүүлж өгсөн .Гүрмэд гуайг хүмүүс шуналтай олон ааштай гэж ярих ч харин Нансаа эгчийг бол хэн ч муу хэлж байхыг  сонсоогүй юм даг.

 Зуны орой зэлэн дээрээ ирсэн үхэр яраглан хэвтэж ,ялаа шумуул жунганан ниссэн тэр орой би ээждээ үнээ ивэлгэж өгөхөөр зэлрүүгээ явж байтал доод хот айл Алагаа гуайнхаас гол өгсөн хөтөлгөө морьтой хүн манайхыг чиглэн цагаан тоос босгон зүрхэн дээр бөмбөрдөх мэт морин туурай нүргэлүүлсээр уяан буусан нь Гүрмэд панз байлаа.Тэрээр ихэд халамцуухан байгаа нь андашгүй.

Ганган хүрнээ унаад гарахад

Газрын хол нь яамай юу даа

Ганцхан чи минь л байхад

Гайхуулж явах нь жаргал юу даа хэмээн дуу аялан хоёр ижилхэн хөл алаг хээр морио шонгоос уячихаад шууд манайхруу гуйвасхийн алхаад  орчихов.Хотоос ирсэн нагац  эгч минь  нялх хүүхэдтэйгээ манайд  байсан тул

-Энэ согтуу толгой хүүхэд айлгах нь хэмээн ээж буцан гэрлүүгээ гүйх шахам түргэн түргэн алхалсаар  ороод бөөн дуу шуу болоод явчихав.

Би ч хэрэг дурлаад гүйгээд очтол Гүрмэд панз ээжрүү бууж байна аа.

-Хүн орж болдоггүй юм бол овоохой юунд босгоов.Аяга хар цайгаа харамлаа юу Атга ааруул ээзгийгээ харамлаа юу чи гэхэд Ээж

-Гүрмэд минь дээ би чамд хэлээд байна ш дээ.Манай энэ зээ амархан хүнээс хөлсөлдөг юмаа. Уйлаад болдоггүй .Чи манай илүү гэрт ор гэхэд

-Ханхайсан том гэр барьчихаад хаяандаа байгаа хар овоохойд ор гэнэ үү чи.

За Янжин минь .Босгы чинь давж болдоггүй юм бол буцахаас даа хэмээн уяан дээрээсээ хоёр морио аван мордож чүү хэмээн  давхиулж одоход нь ээж бид хоёр зэлэн дээрээ ирлээ.Ээж

-Мөрөөрөө хар усаа гудрахгүй хэдэн нялх нойтон хүүхэдтэй авгайчуудыг айлгах санаатай хэмээн ээж цухалдаад

-Миний хүү  хар үнээний тугалаа тавиадах гэлээ.

 Аав минь хэдэн малаа аваад ахтай хоёул оторт гарчихсан байсан тул гэртээ би гэртээ хамгийн том эр хүн нь  байсан юм. Тэр зун би дөнгөж зургаадугаар ангиа төгсөөд байсан үе л дээ

Арван дөрөв хүрч байсныг ч хэлэх үү .Өөрийгөө их л өсөж яваа эр хүн гээд бодчихсон байлаа. Халимаг үс тэр зунаас эхэлж тавьж байсан бөгөөд үргэлж мулзан явдаг толгой дээрхи үстэй ангаахайн үс шиг хэдэн сөөсгөр үсээ ургаж байна  уу гэж байнга л толинд харж норгоно.

Гүрмэд гуайн дунд охин Хандмаа гэж нүд шүд гялалзсан хөөрхөн охин нь манай ангид сурдаг юм.Би том болоод Гүрмэд гуайн хүргэн болно гэж боддог байлаа.Ер нь манай ангийн хөвгүүд бүгд тэгж боддог байсан байх .

Гүрмэд панзыг ээжтэй муудалзсанд дургүй хүрэх шиг харин охиныг нь бодохоор  тийм ч биш юм шиг тэрхэн үед санагдаж байсныг нуух юун .Намайг манай аавын талынхан буюу авга нар өвөөгийн сүнс гээд намайг хөөрхөн эрхлүүлнээ. Манай авга ах Чадраа надад сартай хар даага бэлгэнд өгсөн юм. Энэ жил соёолон үрээ л дээ. Ах минь саяхан адуугаа тууж явтал Гүрмэд панз  Аюур панз гэж манай нутгийн хоёр том панз миний хар үрээг ихэд сонирхож, шинжиж  л дээ. Ер нь манай Чадраа ах  угшил сайтай адуутай хүн л дээ.Яаж өгөхөв.Манайхан бүгд мэдэх юм хойно

-Манай дүүгийн үрээ байгаа юм .Авга ах Чадраа бэлэглэсэн юм гэсэн байгаа юм ах .Харин Гүрмэд панз Аюур панз хоёр

– Ямар хүүхэдтэй наймаа хэлцэлтэй нь биш Дугартай л уулзахаас гэсэн байна лээ

Хожим аавтай минь уулзаж хар үрээг чинь авъя гэхэд нь аав хүүхдийн нэртэй үрээ гэж халгаагүй юм гэдэг.Хүссэн юмаа үнэ цохиж   худалдаж аваад сурчихсан Гүрмэд панзын дургүй их хүрсэн байх даа.

Намар хичээл ороод удаагүй байлаа.Хагас сайны өглөө аав минь миний хар үрээг хүнээр хөтөлгөөд явуулчихаж. Би ч бөөн баяр хар үрээгээ унаад дэрэлзтэл хатируулаад Хөтлийн овооны хажуугаар ороод амы нь татан сэвэлзтэл алхуулан сүүдрээ байн байн харан   ихэд додигор  амьтан явж байтал араас морин туурай нүргэлээд  Гүрмэд панз хоёр том охинтойгоо давхиад ирэв.Миний нөгөө додигор байдал хормын төдийд алга болж Гүрмэдийн ширээ шиг хондлойтой гурван ижилхэн  хээр мориных нь хажууд миний муу хар үрээ илжиг шиг харагдаж байгаа байх хэмээн санаа зовж явлаа.Гүрмэд панз

-За Дугарын дунд хүүгээр сонин сайхан юу байна .Хар үрээгээ жороо болгох нь уу .Сүүдрээ хараад амы нь татаад байх чинь хэмээхэд нь .Миний ичсэн гэж жигтэйхэн болдогсон бол хар үрээгээрээ ухас хийгээд зугтчихмаар санагдсаныг нуух юун.Нэг баярлууштай нь Хандмааг харж яваадаа л баярлаж байлаа.Хандмаа дэлий нь зассан бидэртэй хээр мориныхоо амыг ангайтал татан яралзтал нь хатируулж явахад миний муу хар үрээ хажууд байдаг чадлаараа давхих нь ичмээр ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг.

Гүрмэд панз

-Хандмаа миний охины хар үрээтэй энэ үрээ адилхан байгаа биз гээд

-Аав нь Дугараас зарчих гэж гуйхаар  манай Дэлгэрийн үрээ гээд хавьтуулдаггүй ээ. Уг нь охиноо хоёр ижилхэн хар морьтой болгоё   гэж бодсон юм ….гээд охинлуугаа харахад

Хандмаа

-Ааваа яах юм бэ .Энэ үрээг авга ах нь Дэлгэрд бэлгэнд өгсөн гэсэн Хүний бэлэгний адуугаар …..гээд надруу харлаа.Намайг ааваасаа өмөөрөөд байгаа юм шиг сэтгэгдэл төрж Хандмаад баярлаж байв.Үе үехэн Хандмаатай харц тулгарахдаа ийм хөөрхөн гэж өмнө нь анзаарч байгаагүй гэж үү .Арван дөрөв хүрч байгаа миний зүрх сэтгэлд амрагийн анхны гал асаж ядан байх шиг болж билээ

Яг л Нансаа эгч шиг алаг нүд өндөр нуруутай тогтуухан харцтай улаа бутарсан хацартай аж. Сэтгэлдээ үл захирагдах нүд Хандмааруу харцаа  өөрийн эрхгүй бэлчээх аж.

Удалгүй Гүрмэд панзыг шилжих юм гэнэ гэсэн яриа тархасныг сонсоод сэтгэлээр би  унасныг яалтай .

Уг нь тэр намар Гүрмэд панзын манай хоёр ойрхон намаржиж байсан юм.Би Хандмаа болон  эгч Дэнсмаа хоёртой нь  хагас бүтэн сайнаар нэлээд хэдэн удаа мориор хичээлдээ яваад нэлээд дотносоод байлаа. Хааяахан үхэр адуугаа  эргүүлэх зуураа Гүрмэд панзынхаар  шуртхийгээд морддог байлаа.Ах бид хоёр Гүрмэд гуайн хэдэн даага үрээг сургаж өгөв.Уг нь арваад эмнэг сургасан л даа .Арван адуу сургасан хүнд уг нь нэг адуу өгдөг юм.Гүрмэд гуай харин ах  бид хоёрт өгөөгүй .Гэхдээ би нэг их юм бодсонгүй .Харин ч Гүрмэд гуайнхаар  бууж мордон Хандмаатай малын бэлчээрт нааш цаашаа давхих шиг жаргал надад байсангүй .Манай ах харин Гүрмэд панзад их дургүй .
-Муу шуналын уут .Панз нь хунз болж байгаа амьтан .Хүн ашиглахыг л боддог гэнэ.Тэр намар Гүрмэд гуай намайг хөөргөж хөөрхөн гарынхаа үзүүрт зарсан даа.

-Аан манай Дэлгэр эр хүн болчихож гээд хөөргөнө дөө.Адгийн наад зах худгаас морио услах гээд явахаар морио хөтөлгөөд явуулчихна.Харин Нансаа эгч бол надад сайн.Хүний хүүхэд зараад гэж Гүрмэд гуайг зэмлээд надад чихэр хэдэн бутархай төгрөг өгнө.Би үүнд нь хэрдээ баярлачихнаа.Бага  охин Сүнжидмаа сургуульд хараахан ороогүй.Надад маш сайн Дэлгэр ахаа  гээд л гүйнэ.Энэ гэрийн жинхэнэ тахисан бурхан нь Гүрмэд панзыг ганц дийлдэг хүн нь.Хоёр эгчээсээ арваад насаар дүү энэ охин маш сэргэлэн.Хүмүүс ил далд ярих нь энэ охин эрэгтэй байсан бол панз Гүрмэдийн шийрийг сайн хатаах эр байсан даа гэж ярина.Зургаан настай эмэгтэй хүүхэд гэхэд морин дээр мордоод л хар хурдаар нь давхиулна.Морины нуруун дээр шувуу сууж байгаа юм шиг л жаахан охин үс нь хийсээд давхиж явдаг байлаа.Аавыгаа дагаад л адуунд явна .Цангинатал дуулаад гэзэг нь хийсээд давхиж явах нь одоо ч гэсэн харагдах шиг болдог юм

Тэр намар гэв гэнэтхэн жаахан Сүнжидмааг өвчин ороогоод болохоо байлаа.Хөөрхий Нансаа эгч Гүрмэд гуай  хоёр эмч домч гээд нэлээн явсан.Хүнээс асуухаар нутаг ус нь таарахгүй юм гэсэн гэдэг .Тэгээд шилжихээр болсон ч тэр намар явна гэж байгаад хот хүрээ эмчилгээ сувилгаанд явсаар байгаад оройтоод чадаагүй юм даг .Миний хувьд л бөөн баяр байлаа.Хандмаатайгаа хамт байна гэхээр аргагүй л өөрийн мэдэлгүй баярлаж байгаа юм чинь.

Хавар жаахан охин Сүнжидмаа нь  бурхан болж бөөн уй гашуу боллоо.Хандмаа минь хэдэн өдөр хичээлдээ ирсэнгүй.Би ч өөрийнхөө дүүгээ алдсан мэт хэрдээ гашуудаж тэр жаахан охин нүдэнд харагдаж сэтгэл санаа хямраад авлаа.Гүрмэд  гуай өмнөх Гүрмэд биш болжээ.Гэрээсээ гарахаа байв.Арга ч үгүй дээ ганц амь нь байсан юм чинь .Ганц Гүрмэд гуайнх ч биш тэр хавийн бүх хүмүүс бүгд л жаахан Сүнжидмаад бурхан болсонд гашуудаж байсан юм.Хөөрхий Хандмаа нөгөө хөөрхөн сэргэлэн цогтой байдал нь  алга болж дуугүйхэн сууж байхыг нь хараад би өрөвддөг байв.Тэр зуны хичээл тараад л Гүрмэд гуайнх Нансаа эгчийн нутагруу шилжсэн юм.Манайхаар Гүрмэд панз ирж аавд

-За Дугар минь бид айл аймаг хаяа саахалт олон жил явлаа.Манайх шилжиж байгаа.Чи манайхыг мэдэхгүй биш хүн хүч муутай охин нойтон улс олонтой айл. Танайхаас хүн хүчний туслалцаа авмаар байна.Жаахан газар дөхүүлмээр байдаг.Урдаас  уг нь хүн тосож ирнэ  гэсэн юм гээд царайчлангуй харцаар аавыг нэвт ширтэв.

Аав дуугарсангүй. Чөдөр  сэлбээд сууж байсан юм.Ахруу харж байна. Харин ах жаахан дурамжхан байгаа нь илт Ах аргагүй  л дээ. Цэргийн зарлан аваад хэдхэн хоноод явах гэж байсан болохоор тэр байх Аав өөрөө явахаар боллоо .Би явах санаа байсан ч би явъя гэж хэлж чаддаггүй ичээд эмээгээд орой унтахаар хэвтэхийн өмнө би аавд зориглон хэллээ.

-Ааваа би Гүрмэд гуайнхыг дөхүүлж өгөөд ирэх үү гээд хэлчихэв.Аав надруу сүрхий том харсанаа

-Харин ээ аавд нь энд ажил их байдаг .Нөгөө хэдэн тэмээнд явмаар байдаг .Гүрмэдийнхийг хүргэж өгөхгүй бол болохгүй .Нэг доор олон жил  айл аймаг явсан улс байна.Миний хүү тэгвэл маргааш явахаас даа гэв.Тэр шөнө нойр хүрсэнгүй .Маргааш өглөө нь нар битүү Гүрмэд гуайнхруу мордлоо.Намайг очтол тэмээндээ  гэрээ ачаалаад хөдлөх гэж байв.

Намайг хараад Гүрмэд

-Өө манай Дэлгэр ирлээ гэж их л баярлаж байлаа.Аргагүй байхаа. Тэр олон маланд ам бүл муутай хол явна гэхэд хэцүү байсан байх Би Хандмаатай  хонь үхрий нь туухаар болов.Харин Нансаа эгч ачаагаа хөтөлж Гүрмэд гуай өөрийн хамаатныхаа нэг хүнтэй адуу тэмээгээ туун хөдөллөө.Нутгийн олон түмэн  ирж гаргаж өгөв .Манай ойролцоохон өнгөрөхөд ээж аав хоёр минь тосон ирж цай идээ авчирч өгөн үдэж өглөө.Би гурав хоног малы нь тууж товлосон газар хүргэж өгөөд буцахаар болов.Энэ гурван хоногт би Хандмаатай хамт мал тууж байсан болохоор цаг хугацаа маш амархан өнгөрчихсөнийг анзаараагүй юмдаг Урдаас нь Нансаа эгчийн ах дүү нар тосон ирсэн тул би Гүрмэд гуайн хамаатны ах бид хоёр нэгэнт буцах болж.Надад маш хэцүү байлаа.Нансаа эгч намайг үнсээд

-За Дэлгэр минь баярлалаа.Сайн сууж байгаарай.Харин Гүрмэд гуай адуугаа тогтоож байгаад буурал хондлойтой хээр үрээ барьж аваад ногтлон надад  авчирч өгөөд

-За Дэлгэр ээ ах нь чамд баярласан шүү .Эр хүн хэлсэндээ байх ёстой .Ахтайгаа та хоёр надад арваад адуу сургаж өгсөн.Ах нь түүнийхээ адууг өгөөгүй яваа.Энэ үрээгээр сайн морь хийж аваарай гээд л цулбууры нь гарт атгууллаа.Харин Хандмаа надруу харан инээмсэглэж

– Сайн сууж байгаарай би очоод захиа бичнээ гэв.

Би Хандмаагаас захиа их хүлээсэн боловч  ирээгүй .Харин Гүрмэд гуайн өгсөн буурал хондлойтой хээр үрээ нь сайхан морь болж би олон жил улсын баяраар гангарч давхисан даа.Хөл хөнгөнтэй хөлдөө алхаатай хийц хэлбэр сайхантай сайхан морь байсан юм.Нэг л мэдэхэд би арван жилээ дүүргээд  хот орж оюутан боллоо.Хөдөө аж ахуйн олон оюутны дунд ороод нэг хэсэгтээ Хандмааг бодох  нь саарсан ч хараахан мартаж чадахгүй л байлаа.Оюутны эрдэм шинжилгээний хуралд ангийнхаа хоёр оюутантай орохоор болов.Хурал болж оюутнууд илтгэл тавьж байтал  МУИС оюутан Хандмаа ахлагтай баг гэхэд нь сортос хийвэл яах аргагүй Хандмаа мөн байлаа.Өндөр болж хот төрхөнд оржээ.Хурал тарахын алдад хурлын заалны үүдэнд хүлээж байгаад Хандмааг гараар ирэхээр нь Хандмаа гээд дуудтал

Надруу харан гайхаж ядан

-Дэлгэр үү …..гэв .

-Тиймээ Би Дэлгэр байна Чи сайн уу гэхэд

-Сайн сайн Чи энд сурч байгаа юм уу ямар мэргэжлээр гэж байна.Би

-Газар тариалангийн чиглэлээр
-харин МУИС сурч байгаа юм уу гэвэл  Хандмаа

-Би МУИС –д эдийн засгийн  чиглэлээр сурч байгаа гэж нөгөө л танил хөөрхөн инээмсэглэлээрээ инээмсэглэв.

Бид хоёр  ойрхон хоолны газар орж баахан хууч хөөрлөө.Уулзаагүй таван жил гаран болжээ. Эгч нь Дэнсмаа нь сургуулиа төгсөөд хүнтэй суугаад хүүтэй болсон .Аав ээж хоёр нь нутагтаа малаа маллаад амьдарч байгаа гэнэ.Гүрмэд гуай нь урдын адил наймаа хийхээ больсон юм байна.Надад маш их захиа бичсэн гэнэ .Яагаад очоогүйг мэдэхгүй гэлээ.Ямар ч байсан найз залуу байхгүй гэдгийг нь ярианаас нь мэдэж авсан нь надад  сайхан мэдээ байлаа.

Ийнхүү би дахин хайртайгаа учирсан юм.

 Цаг хугацаа хурдан юм.Аль хэдийн арваад жил өнгөрч .Гэрлүүгээ яарах миний бодолд  эхнэр охин хоёр минь бодогдоно .Сая дөнгөж эхнэр Хандмаа минь ярилаа.Хөдөөнөөс аав ээж хоёр ирсэн гэнэ.

Хаалгаа тогшиж байхдаа олон зүйлийг бодож байлаа.Хүний амьдрал бүтэхгүй зүйл үгүй аж.Анх би сургуульд ороод Хандмааг харж шохоорхож байсан цаг саяхан мэт.Гүрмэд гуайн хүргэн болно гэж боддог байсан нь мөрөөдөл минь аль хэдийн биелчихэж.

Ааваа гэж гүйж ирэх охиныг минь хадам аав ээж Гүрмэд Нансаа хоёр бурхан болсон охины минь сүнс гээд сүйд болдог байлаа.Сэтгэл дагаад ч тэр юм уу их адилхан л даа Өнөөдөр мөн л хошуугаа дэвсээд сүйд болж байна.Жар гарч яваа хоёр хөгшинд ач гучаа эрхлүүлэх шиг жаргал хаа байхав.Хадам аав Гүрмэдийн бие жаахан таагүй эмнэлэгээр явах ажилтай гэнэ.Би хадам аавыгаа харж байхдаа бодож байлаа.Нөгөө урдын гал цогтой Гүрмэд панзаас  нэр л үлдэж дээ хөөрхий .Эрийг нас уулыг цас гэдэг үнэн юм даа. Хүний амьдрал ч дэндүү баялаг юм.Бас таашгүй олон жаргал зовлонгоор дүүрэн юм

2018.04.12

Багабанди овогт Намхайн Тайванжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх