2018 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд “Монголын эдийн засгийн чуулган-2018″ амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 1300 хүн оролцож, хүчээ нэгтгэсэн. Чуулганы явцад 12 салбар хуралдаан зохион байгуулагдсан. Үүнээс, “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдаан мах, сүү, ноос, ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн дэд салбаруудад төвлөрөн, нээлттэй санал асуулга байдлаар өрнөлөө.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой салбар хуралдаанаар олон чухал асуудал хөндөгдсөн.
Тэр дундаа, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэхэд харьцангуй эрсдэлтэй, ашигтай ажиллах боломж хомс байдаг учраас дотоодын зах зээлээ хамгаалах, нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулахад анхаарах, бүс нутгийн онцлогт тохирсон орон нутгийн хөгжлийн загвар боловсруулах, экспортын шинэ боломж нээх хэрэгтэй байна зэрэг санал дэвшүүлсэн юм.
“Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” салбар хуралдааны панелистаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Дархан-Уул аймгийн УГТЭШХ-ийн захирал, доктор Н.Баярсүх, Дэлхийн банк группийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын бодлого, дэмжлэгийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Дэн Николлс оролцсон бол модератороор Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Ц.Цэнд ажиллалаа.