Цэргийн аав /Богино өгүүллэг/

2018 оны 05-р сарын 22 өдөр, 16 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
images

Гандий модыг дуулахаар
Хоолой цуцаад байна.
Ганц хүүгээ санахаар
Сэтгэл өмрөөд байна явдаг хэрэг ээ самган минь.
Тэсийн голын унаган хүлэг унасан эзнээ явгалахгүй.
Тэрмэн дээлтэй ойрад өвгөн замын дундаас буцахгүй.
Баруун Монголын Зүүн говиос Баянтүмэнгийн зүүн хязгаарт хүрч л байж санаа амрана. Баяд нутгийн буурал өвгөн хүүгээ харж л сэтгэл эргэнэ ээ гэсээр босоход насаараа ханилсан эр нөхрийнхөө зөрүүд гөжүүд араншинд уусаж дэвтсэн баяд эхнэр хориод нэмэргүйг мэдэх тул ширэн богцонд ааруул хурууд боож өгөөд сүү өргөн үдэв ээ.
Тэсийн голын цагаан адууны угшилтай хар голтой халиун морь хаа нэг тургилан, хазаар даран хатируулахад, хөтөлгөө шарга үрээ явдал алдан цогино.
Ийнхүү хол замын уртыг морин туураар эвхэн эвхэн давхисаар тав дахь өдрийн оройхон Баянхонгорын Загийн голын цагаан хөтлийн овоонд чулуу нэмэн зогссон үе бол нэг мянга есөн зуун жаран оны зуны эхэн сарын шинийн наймны үдэш билээ.
Аян замын холд зурайтал гоорсон морьд нарийн ширхэгтэй сахлаг ногоо ширд ширдхийн хазална. Хөлстэй тохмоо дэвсэн эмээлээ дэрлэн хэвтсэн өвгөн далбагар нударгатай дээлнийхээ сугыг ханзартал суниаж, тайлж хаясан ногоон сарьстай ээтэн гутлаа тийрэн, шагай нь саарьтсан майга хөлийнхөө арван хурууг сарвайтал жийж, биеийнхээ чилээг гаргав.
Сарны саруулд хөл жийн хэвтсэн өвгөн агь гангын үнэртэй талын буурал салхинд мансууран алдан зүүрмэглэж хэвттэл, газар доргитол бөмбөрдөх морьдын төвөргөөн сонсогдож
-Хайя гэх өвгөжөөр эрийн дуугаар, нөмөрсөн тэрлэгнийхээ далбагар нударгыг савчуулан ирмэгтэй чулуу зайчлан хөл нүцгэн алхсаар чөдөртэй морьдоо барьж авлаа.
-За сайн явж байна уу гэсээр уулзсан үл таних өвгөний дэргэд ирж, үзүүр бөгс нь газар шүргэн алдах хусан уургаа пид хийлгэн хаяж, мориноосоо буусан нутгийн өвгөн, өврөө суйлж, атга дүүрэн пийсүү хөөрөг гарган тамхилах зуур хэт нутаг хэрэг зорилгоо мэдэлцэн танилцав.
-Манайх энүүхэн доод голд зусч байгаа. Монгол ахан дүүс байна даа. Манайд очиж хоноод яв хө. Цай хоол идэж морь биеэ амраа гэсэн өвгөний үгэнд баяссан баяд өвгөн морио эмээлэн дөрөө харшуулан мордов.
Үе тэнгийн өвгөд марал тонгойтол хуучилж, цодгор гэдэстэй галуун хүзүүтийг хоёронтоо сэлбэж, хоёронтоо суллаад хэвтэцгээв.
-Өглөө эрт босч адуугаа хураан унагаа уясан өвгөн
-За өвгөн анд минь манай саахалтаас өнөөдөр аймгийн төврүү штонгтой хархүү явна. Гурван дугуйтын шаахайнд суугаад аймаг яв.
Нөгөөдөр цэрэг ачсан машин хотруу хөдлөх сурагтай. Цэргийн албанд мордсон хүүхдүүдтэй давхиад Улаанбаатар орчих. Таван толгойн харинтийнаас Зүүнбаян, Баянтүмэнгийн цэргүүдийг бас ачиж байгаа бий вий.
Чи тэндээс явбал арай хурдан зорьсон газраа хүрнэ дээ.
Хоёр морио надад үлдээчих. Хэдэн жил жасын адуутай хөөцөлдөж, дараахан нь засгийн хөрөнгө адгуулсан хашир өвгөн арай ч гүйлгээд алдчихгүй байх.
Эргэж ирээд аваад яв гэсэн үгийг дагасны хүчинд дахин тав хоногийнхоо ойн дээр Баянтүмэнгийн цэргийн ангийн захирагчтай уулзаад сууж байлаа.
Төрсөн нутаг нэг чигийн идэрхэн хурандаа, хүүгээ санасан өвгөнийг өрөвдөж, хүүтэй нь хамт гурав хоног байрлах зөвшөөрөл өгч гялайлгав.
-За өвгөн ах минь өнөө шөнөдөө манайд очиж, надтай хуучилж хоно доо.
Таны хүү хилийн манаанд гарсан. Маргааш өглөө харуул солигдохоор ирнэ ээ гэсээр дагуулан гарчээ.
Цэргийн даргын таван ханатай гэрт цагаан толгойтой төмөр орон дээр тарвалзаж, ангийн захирагчийн задалсан арвайн зурагтай хатуу идээнд халамцсан өвгөн
-За дарга минь өвгөн ах нь ганц хүүгээ дагуулаад буцах санаатай. Шинэ засгийн бодлого хуучны ёс заншлаа гээсэнд өвгөн ах нь гомдож яваа. Эрт дээр үед хүний ганц хүүг цэргийн албанаас чөлөөлдөг байсан байгаа юм.
Эр ганц хүүг эхнэр авч, хүүтэй болж, гарсан хүүг нь арван гурван нас хүртэл цэргийн албанд татдаггүй байсныг төр засаг мартсан бололтой гэж амны зоргоор баахан ярив.
Уусан архиндаа нам цохиулсан өвгөн өглөөний нар мандтал нам унтахдаа монцгор хамрынхаа угалзыг дэрвийтэл хухирна.
-Ааваа гэсэн аргилдуухан дуугаар ухасхийн өндийвөл, дэнхийсэн өдөр хархүү инээмсэглэн зогсож байлаа. Цэргийн албанд үдэж өгсөн үеийн төрхөөр төсөөлөн байсан хүү нь хааш хаашаа өсч, сайхан хувирсан байв. Бух ноололдооноор барилдвал бахлуур аравт гарцаагүй үлдэнэ дээ гэсэн аагтайхан бодол цээжинд нь харваж, хүзүү мөрнийх нь булчин зангирсан хүүгээ харж сэтгэл баяссан өвгөн өөд доогтойхон харсан цэргийн дарга
-За ах минь хүүгээ аваад буцна гэсэн байхаа гэж хэлэхэд, өчигдөр оройны яриа зурсхийн бууж, хамаа намаагүй бурж суусандаа ихэд ичиж, хамаг хөлс нь бурзайсан өвгөн хүзүүгээ маажин
-За дүү минь согтуу өвгөний аль солиорохыг тэр гэхэв дээ хэмээн бувтнаж байсан гэдэг ээ.

Зохиолч: Соёрхын Пүрэвсүрэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх