Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 86 дугаар чуулган 05 дугаар сарын 20-ны өдөр Франц улсын нийслэл Парис хотноо нээлтээ хийлээ. Энэхүү чуулганд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
ДМАЭМБ-ын 86 дугаар Ерөнхий чуулганд тус байгууллагын гишүүн 181 орон, тус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан 41, бусад 15 олон улсын байгууллага, 33 орны Хүнс, хөдөө аж ахуй, загас агнуур, ой, ус, хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, мөн 11 бүсийн болон бүсийн дэд төлөөлөгчийн газрын тэргүүн нар хүрэлцэн иржээ.
Чуулганы эхний өдөр Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцож, Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн зорилтынхоо талаар тус улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага мэдээлэл өглөө.
Мөн Казакстан улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Гульмара Исаева, Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны дэд сайд Ву Фам Там, Евро Азийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалт хариуцсан сайд Валерий Корешков нартай уулзалт хийв.
Казакстан улсын талаас Монгол улсаас үхрийн мах худалдан авах, амьд мал экспортлох, импортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл шаардлага харилцан тохиролцох, улаан буудай нийлүүлэх санал тавилаа. Мөн бэлчээрийн мал аж ахуйн тогтолцооны өвөрмөц онцлог бүхий нүүдлийн соёл иргэншилийг зөвхөн Монгол улс хадгалж үлдсэн байгаа онцлон, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл гаргах өргөн боломж байгааг онцлон дурдсан юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Казакстаны талын саналыг хүлээн авч энэ асуудлыг судлан үзэх ажлын хэсэг байгуулахаа мэдэгдэж, амьд мал, үхрийн махыг экспортлох бүрэн боломжтойг онцолсон.
Евро Азийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалт хариуцсан сайд Валерий Корешков нь Монгол улсад 3 удаа айлчилснаа дурдаад Евро Азийн эдийн засгийн комиссын хөдөө аж ахуйн барааны техникийн зохицуулалт нутагшуулах ажилд дэмжлэг үзүүлэхийг хүссэн бол ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг цаашид Евро Азийн эдийн засгийн комиссын үйл ажиллагаанд дэмжлэг хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.