Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Батдэлгэрт холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Батдэлгэрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Батдэлгэрээс 75 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогч Д.Зургаанжинд олгохоор шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Батдэлгэрийг барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн билээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр болон “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин нарын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүссэн байна, үүнийг гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж дүгнэж, Б.Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав. Мөн “Сант” сургууль учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.