Эмгэнэл

2018 оны 05-р сарын 15 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
aa1d8429b3461e25141907a338fac887

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, гавъяат эдийн засагч Цогт-Очирын Лоохууз 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр таалал төгсч үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд болон Монголын Ардчилал, Үг хэлэх эрх, Эрх чөлөөний төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан журмын нөхдөд нь хүнд гарз тохиолоо.

Ц.Лоохууз нь 1923 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд мэндэлжээ. Тэрээр нутагтаа бага сургуулиа дүүргэн, 1939 онд Санхүүгийн техникум, 1942 онд Намын дээд сургуульд тус тус онц дүнтэй суралцан төгсчээ. Улмаар Намын төв хорооны Лекторын Товчооноос ажлынхаа гарааг эхэлж, 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцах анхдагч нарын нэг болсон юм. Мөн БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө хоёргүй нэг сэтгэлээр зүтгэж байв.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн намын төв хорооны даргаар ажиллах хугацаандаа хөдөө аж ахуйг хөгжүүлэх тал дээр онцгой амжилт гарган улмаар Намын төв хорооны Сангийн аж ахуйг удирдах газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байв. Энэ хугацаандаа гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулахаас эхлээд хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийн суурийг тавилцаж, “Алтай” нутгийг усжуулах “Гуулингийн суваг”-ийг бүтээн байгуулж, “Атар газар” эзэмших их хөдөлгөөнийг анхны шавыг тавилцах зэргээр улс орны нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй олон ажлыг гардан гүйцэтгэжээ.

Хожим ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт суралцаж байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаар тухайн үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжилж, өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэй гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээсээ болж “Намын эсрэг бүлгийн толгойлогч” хэмээн буруутгагдан хоригдож, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан билээ.

Тэрээр коммунист үзэл суртал, Монголын ард түмэнд үр ашиггүй эдийн засгийн буруу тогтолцоог эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн юм. Цогт-Очирын Лоохууз нь АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны Ардчилсан үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон билээ.

Түүний Монголын ард түмэн болоод Монголын Ардчилал, Хүний эрх, Эрх чөлөөний төлөө оруулсан үнэтэй хувь нэмрийг Ардчилсан намын мянга мянган гишүүд төдийгүй Монголын ард түмэн үеийн үед дурсан санаж явах болно. Ум сайн амгалан болтугай.

АРДЧИЛСАН НАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх