АНУ болон Монгол Улсын худалдааны асуудлыг хөндсөн энэхүү нийтлэлийг англи хэлээр тухайн мэдээллийн сайтаас уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Монгол хэлээр орчуулсан хувилбарыг уншина уу.→
Нийтлэл дэх гэрэл зураг нь АНУ-ын Монгол дахь Элчин сайд асан Жонатан Эдлтон /Jonathan Addleton/-ы дарсан зургууд юм.
МОНГОЛЫН ЗАГВАР
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаа Ази дахь гадаад бодлогоо шинээр тунхаглаж буй энэ үед Монгол Улс өөрийн ардчилсан тогтолцоо, байгалийн баялгаа ард түмнийхээ төлөө болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөө ашиглан хөгжихийг зорьж байна. Монголын ардчилсан тогтолцоо, амьдралын өвөрмөц хэв маяг нь бишгүй олон бэрхшээлийг туулж яваа юм. Бэрхшээлийг даван туулахад Монгол-Америкийн хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулдаг билээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Трампаас Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн захидалд “Манай Засаг захиргаа Монгол Улстай түншлэлийн үнэт харилцаагаа цаашид ч тууштай хөгжүүлэх болно. АНУ нь Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд бүс нутгийн болон дэлхийн асуудлуудыг шийдэхэд Монгол Улсын дэмжлэгт талархах болно” гэж дурдсан нь бидэнд онцгой урам зориг өгч, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байна.
Монголчууд, америкчууд бид чөлөөт зах зээл, хүйсийн тэгш байдал, шашны эрх чөлөө, амьдрах хэв маягаараа бахархдгаараа адил төстэй үнэлэмжтэй юм. Бид Афганистанд энх амгаланг тогтоож буй НАТО-гийн ажиллагааг тууштай дэмждэг бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний 7 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн өдгөө Кабул хотын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын Удирдагч Ким Чен-Ын нарын хооронд болох түүхэн уулзалтыг зохион байгуулах газраар Сингапур сонгогдсонд баяртай байна. Энэ нь Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бий болгох гэсэн бид бүхний олон арван жилийн хөдөлмөр үр дүнгээ өгч буй хэрэг юм.
Монголын ард түмэн намайг Ерөнхийлөгчөөр сонгохдоо авлигатай тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, монголчуудыг ажилтай, ологотой болгох даалгавар өгсөн. Монгол Улс байгалийн баялаг ихтэй ч, баялгийн шударга бус хуваарилалтаас улбаалан хүн амын амьжиргааны түвшний эрс зөрүү үүсэхээс сэргийлэх ёстой. Монголын гуравхан сая иргэн баян хоосноороо ялгарах нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, ардчилсан тогтолцоог сулруулах эрсдэлтэй юм.
Хэдэн жилийн өмнө Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үеэсээ би эцэг өвгөдөөс уламжлан ирсэн нүүдлийн мал аж ахуйн хэвшлийг хадгалж, чөлөөт зах зээлийн шинэ боломжуудыг нээн, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар тууштай, тогтвортой хөгжих бодлогыг баримталж ирсэн.
Энэ зорилгоор америкийн шилдэг компаниудыг хөрөнгө оруулах, хамтран ажиллах, зөвлөгөө авахаар Монголд урьж байсан билээ. Дэлхийн шилдэг түншүүдтэй хамтарч байж л монголчууд эдийн засгаа тэлэх, хөгжлийн төслүүдийн үр ашгийг хүртэх, дэд бүтцээ хөгжүүлэх инженерийн судалгаануудыг хийж гүйцэтгэх боломжтой болно.
Үүний зэрэгцээ бид иргэддээ хөрөнгө оруулахыг зорьж байна. Түүхий эдийн зах зээл нь байнгын хэлбэлзэлтэй байх учир аж үйлдвэрийн төвүүдийг байгуулж, ашигт малтмалдаа нэмүү өртөг шингээхийг хүсэж байна. Ингэснээр бид ажлын байрыг олноор бий болгож, эдийн засгаа төрөлжүүлж чадна.
Монгол Улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, чөлөөт зах зээлд хөл тавьсан. Тэр бэрх цагт АНУ-ын Конгрессийн гишүүн Фил Крэйн агсны өргөн барьж, батлуулсан Гаалийн татварыг тэглэх хуулийн ачаар Монголын ноосны үйлдвэрлэл төрийн захиргаадлаас салсан анхны салбар болжээ. Эрх чөлөөг дагаад үйлдвэрлэл, худалдаа хөгжиж, монголчууд нийтээрээ энэ хуулийн үр шимийг хүртсэн юм.
Өнгөрсөн жил АНУ 56 сая ам.долларын үнэ бүхий барааг Монгол Улс руу экспортолжээ. Харин Монгол Улсаас АНУ-ын хэрэглэгчдэд ердөө л 11 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлжээ. Ийм нөхцөлд америкийн иргэдийн ажлын байрыг булааж, зах зээлд хямд бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл бий болгоно гэдэг нь огт үндэслэлгүй юм.
Хоёр талын худалдааны боломж асар их. Монголын эдийн засагт өгсөн нэг томоохон хүч нь 1991 онд АНУ-аас бидэнд өгч байсан Найрсаг орны хөнгөлөлтийн статус байсан. Энэ онцгой харилцаа тэр цагт манай эдийн засагт шинэ боломжийг нээн, 40 мянга гаруй эмэгтэйчүүдийг ажилтай болгож байсан түүхтэй юм. Хоёр талын худалдааны харилцааны стратегийн өгөөж үүнээс ч их билээ.
Бид үндэсний аюулгүй байдлаа хангахын хажуугаар олон улсын түншүүдтэйгээ хамтран эдийн засгаа тэлж, чадавхжуулахыг зорьж байна. Япон Улс, Европын Холбоо хоёул Монголын олон барааг татваргүйгээр импортлох боломжийг олгосон. Манай ноос ноолуур, нэхмэл сүлжмэлийн салбаруудад үүнтэй төстэй АНУ-ын хөтөлбөр хэрэгжих (энэ нь америкийн ажилчдад ямар нэг сөрөг нөлөөгүй) нь бүс нутаг дахь Монголын байр суурийг бататгахад маш чухал ач холбогдолтой.
Хүчтэй эдийн засаг, идэвхтэй ардчилал бүхий Монгол Улс оршин тогтнох нь ганц монголчуудад ч биш Зүүн хойд Ази (түүн дотор Хойд Солонгос багтана) болон дэлхийн бусад орнуудад ч ашигтай байх болно. Монгол Улсын тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засагт чөлөөт, шударга худалдаа зонхилохыг дэмждэг бүх улсуудад таатай нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй.
Үндэсний эрх ашгийнхаа төлөө бат зогсох нь үнэт зүйлсийнхээ төлөө бат зогсоно гэсэн үг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд өрнөсөн ардчилсан шилжилтийн үйл явцын үр дүнд бид улсынхаа хоцрогдсон коммунист тогтолцоог идэвхтэй, нээлттэй, чөлөөт зах зээлийн нийгмээр сольсон юм. 1990-ээд онд Монгол Улсыг өөд татсан бүтээлч арга барил Азийн зүрхэнд 21 дүгээр зууны эдийн засгийг цогцлооход мөн чухал үүрэгтэй байх болно.