“Том төслүүдийн ээлжит гацаалт”

2018 оны 05-р сарын 11 өдөр, 17 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
021b9abdd2fbe70844cd36b146031256

Багануурын дулааны станцын концессыг зогсоосон найман шалтгааныг “ээлжит гацаагчид” нэрлээд байгаа юм. Энэ талаар тухай бүрт нь бодит баримт, шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоогоор тайлбар хийх нь бүтээн байгуулалтын ажилд тустай төдийгүй шударгаар өрсөлдөх зарчимд нийцнэ.

Юуны өмнө “Хятадууд” барих болсон гэдэг дээр ач холбогдол өгч, эх оронч гэхээсээ илүү зорилготойгоор үндэсэрхэг үзлийг дэвэргэн турхирахыг хичээж байгаа нь илт байна. Тухайлбал, энэ концессийн дагуу “21 жил хятадуудад ашиглуулаад, хугацаа нь дууссан тоног төхөөрөмжтэй, бүх юм нь хятадаараа байгаа хуучин ДЦС хүлээж авна” гэсэн таамаглалаар айлгаж байгаа юм. Мөн “Дэлхийн жишгээр дулааны цахилгаан станц барих өртөг дунджаар 1 мВт нь нэг сая ам.доллар байдаг. Гэтэл Багануурын дулааны цахилгаан станцын өртөг 700 мВт = 700 сая ам.доллар байх ёстой атал, 1.2 тэрбум доллар буюу бараг хоёр дахин үнэтэй төсөвлөгдсөн нь асар их хардалт дагуулж байна” гэсэн зориуд гуйвуулсан дутуу мэдлэг, мэдээлэлтэйгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэсглээр гүтгэлэг тарааж байна.

Гэтэл үндэсний хөрөнгө оруулалтын газрын сайтад концессын гэрээ нь бүрэн эхээрээ нээлттэй тавигдсан байна. Энэхүү гэрээнээс харахад барилгын хугацаа (4 жил) болон ашиглалтын хугацааг (21 жил) оролцуулан, нийт 25 жилийн хугацаатайгаар “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй байгуулсан. Үүнд 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, түүний дагалдах байгууламжуудад 1.2 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Өндөр параметрын /supercritical/ цахилгаан станцын энэхүү төслийг санхүүжүүлэхэд нийт нэг тэрбум орчим ам.доллар шаардагдана. Тодотгоход, энэ зардалд цахилгаан станцаас гадна сургууль, цэцэрлэг, оффисын барилга, өрхийн эмнэлэг, ажилчдын орон сууц зэрэг бүтээн байгуулалтын зардал бүгд багтсан байна. Цахилгаан станцын төсөл нь Монгол Улсын Засгийн өмч бөгөөд “Багануур Пауэр” ХХК нь зөвхөн барьж байгуулан, хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашиглалтын хугацаанд өөрсдийн бий болгосон бүх ноу-хауг монголчуудад шилжүүлэн өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн. Түүнчлэн концессийн гэрээний 4.2.2-4-т зааснаар концессийн гэрээ дуусгавар болоход гэрээнд заасан чанарын шаардлагыг хангасан цахилгаан станцын үндсэн болон туслах тоног төхөөрөмж, бусад дагалдах хэрэгслийг техник ашиглалтын бүх баримт бичиг заавар, ноу-хауг монгол, эсвэл англи хэлээр нууцлалын кодын хамт концесс олгогч, эсхүл түүнээс эрх олгосон этгээдэд хүлээлгэн өгөхийг тодорхой заасан байдаг. Тэгээд ч уг цахилгаан станцыг Монгол Улсын эрчим хүчний хэрэглээнд ашиглах тул “хятадуудад ашиглуулах” гэдэг агуулга нь өөрөө логик алдаатай ухуулга сурталчилгаа юм.

Тоног төхөөрөмжийн “насжилт”-ын хувьд хуучин гэж гадуурхах, хардах үндэслэлгүй. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний хөгжлийн төв зураг төслийн шатнаас эхлэн захиалагчийн хяналтыг бүрэн тавьж байгаа тул хуучин тоног төхөөрөмж ашигласан бол хууль зөрчсөн хэрэг болно.

Гурван мянган хүн ажилгүй болох уу

Дараагийн гүтгэлэг нь “Багануур пауэр” ХХК нь Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК–тай 2015 оны наймдугаар сарын 28-нд байгуулсан.

Жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум зВТ/цаг эрчим хүчийг тохирсон тарифаар бодон, худалдах авах үүрэгтэй. Хэрэв энэ хэмжээнд хүрээгүй бол зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлээсэн. Багануурын цахилгаан станцаас нийлүүлэх энэ хэмжээ нь Монгол Улсын нийт хэрэглээний 60-70 хувийг дангаараа хангахаар байгаа. Энэ нь зах зээлд шууд шингээхэд хүндрэлтэй учраас ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2 станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. Үүний дүнд 3000 орчим хүн ажилгүй болно” гэсэн тайлбартайгаар хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан.

Гэтэл үнэн хэрэгтээ Багануурын цахилгаан станц 2020 онд ашиглалтад орсны дараах эхний жилүүдэд 220 мВт хүчин чадлаар үйлдвэрлэл явуулах гэрээтэй. Энэ нь жилд 1.4 тэрбум кВт/цаг эрчим хүч нийлүүлнэ гэсэн үг. Улс мөнгөгүй гэх шалтгаанаар эрчим хүчний салбарт шинэ бүтээн байгуулалт хийхийг хойш тавьсаар 30 гаруй жил өнгөрчээ. Социализмын үеийн цахилгаан, дулааны станцууд хэдийнээ хөгширч, юу юугүй амьсгал хураах дээрээ тулсан хэдэн станцуудаа нэмэлт турбин, зуух зэрэг засварын ажил, өргөтгөлөөр торгоож байна. Гэтэл манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 40-50 МВт-аар тогтмол өссөөр. Өнгөрсөн онд л гэхэд 649.3 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан нь оны эхэнд байсантай харьцуулахад 56.9 мянган цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид нэмэгдсэн. Нийт хэрэглэгчдийн 7.2 хувь буюу 46.4 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч, 92.8 хувь буюу 602.9 мянга нь ахуйн хэрэглэгчид байна.

“Гацаагчид”-ийн таамаглал бүтээгчдийнхээс эрс зөрөв

Азийн хөгжлийн банкнаас 2013 онд гаргасан мастер төлөвлөгөөнд Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний таамаг Оюутолгой, Тавантолгой төслүүдийн хэрэглээг оруулахгүйгээр 2016 онд дундаж өсөлттэйгээр 5.1 тэрбум кВт/цаг, хамгийн өндөр өсөлттэйгээр 5.7 тэрбум кВт/цаг, харин 2017 онд  6.4 тэрбум кВт/цаг байхаар тодорхойлсон байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан статистик тоо баримтад дурдсан бодит гүйцэтгэлээс харахад дээрх хэрэглээний хэмжээ  2016 онд  5.8 тэрбум кВт/цаг, 2017 онд  6.3 тэрбум кВт/цаг байхаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар гаргасныг бодоход тооцоолол хол зөрүүгүй байгаа биз. Эндээс харахад станц ашиглалтад орох үе буюу 2020  онд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ мастер төлөвлөгөөнд тусгасан хамгийн өндөр таамаг болох 9.1 тэрбум кВт/цаг гэдэг үзүүлэлтээс давах нь илт харагдаж байна.

Одоогоор Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ 1.4 тэрбум кВт/цаг байхаар байна. Энэ нь нийт эрчим хүчний хэрэглээний дөнгөж 15.4 хувь  байх төлөвтэй байна. Эндээс харахад Багануурын цахилгаан станц ашиглалтад орсон ч эрчим хүчний салбараас гурван мянган хүн ажилгүй болох биш, эсрэгээрээ хэрэглээний таацыг хангахааргүй, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай хэвээрээ байх юм. Дээр нь багануурын нүүрсний уурхайгаас жилд 3 сая орчим тонн нүүрс авч хэрэглэх бөгөөд энэ нь одоогийн багануурын нүүрсний стануын жилийн гаргаж буй нүүрсний тоотой тэнцүү юм. Тодруулбал, багануурын станц одоо гаргаж байгаа нүүрсний хэмжээтэйгээ ижил нүүрс гаргаснаар орон нутагт шинээр ажлын байр нэмэгдэж, дүүргийн иргэдийн орлого тогтвортой нэмэгдэх юм.  

Хэт өндөр үнэтэй эрчим хүч энэ мөн үү

Гацаагчид “Гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг нь хамгийн багадаа есөн центээр (225 төгрөг) бүрэн хэмжээгээр, үг дуугүй худалдаж авах заалт оруулсан. Харьцуулахад ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60.06 төгрөг, 2013 онд 81.8 төгрөг байжээ. Түүнээс гурав дахин илүү дахин үнээр дотоодод буюу Багануурт үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг худалдаж авах утга учир юунд байх вэ. Багануурын дулааны цахилгаан станцын гаргах цахилгааны үнийг зохих журмаар бодвол бүр 250 төгрөгөөс дээш болохоор байна. Маш их дарж мэдээлдэг” гэж ярьжээ.

Үнэндээ 2016 оны байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тоо баримтанд Монгол улсын ОХУ болон БНХАУ-аас авдаг импортын дундаж үнэ нь 8.2 цент байсан байна. Эсрэгээрээ Багануурын цахилгаан станцын ирээдүйд буюу 2020 онд үйлдвэрлэж эхлэх цахилгаан эрчим хүч 1кВт нь 6.3 цент буюу одоогийн ханшаар 152 төгрөг байх юм.

Мөн “ээлжит гацаагчид” эрчим хүчний эрсдлийн тухайд “Хэрэв Монголын эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг (700мВт) хангах болсон хойноо Багануурын цахилгаан станцын нэг 350 мВт-ын блокод л түр зогсолт, эсвэл аваарын байдал үүсэхэд түүнийг богино хугацаанд орлон ажиллах боломж Монголын эрчим хүчний системд байхгүй. Энэ нь аюулгүй байдал, тогтвортой байдал талаасаа том эрсдэл учруулахаар байна” гэжээ.

Азийн хөгжлийн банкны мастер төлөвлөгөө болон одоогийн тоо баримтыг үндэслэн үзэхэд Багануурын цахилгаан  станцын үйлдвэрлэл нь нийт эрчим хүчний системийн 50 хувийг нийлүүлэхээр харагдахгүй байна. Түүнчлэн шууд 700 мВт-ыг системд нийлүүлэхгүй бөгөөд ДҮТ ХХК-ийн гаргасан хуваарь буюу диспетчерийн даалгавраар системд эрчим хүч нийлүүлнэ. Тиймээс эрчим хүчний системийн эрсдлийн асуудлыг ДҮТ ХХК байнга хяналтандаа байлгадгийг иргэний хөдөлгөөний гацаагчдаас салбарын мэргэжилтнүүд илүү сайн мэднэ.

Түүнчлэн Багануурын цахилгаан станцын зуух нь мазут шатаахгүйгээр доод тал нь 30-40 хувь буюу нэг блок нь хамгийн багадаа 110 мВт хүртэл ачааллын маневр хийх боломжтой орчин үеийн технологитой юм.

Сүүлчийн раунд буюу дахиад л “Хятадын цэрэг айсуй”

Дараагийн “шалтаг” нь “Мега төсөл учраас эдийн засгийг сүйрүүлнэ. Аюул эрсдлээр дүүрэн, сүйрэл дампуурлаар төгсөх магадлал өндөр” гэжээ. Энэ бол тун ядмаг, хөгжлийн эсрэг бодлого агуулсан арга тактик гэх үү дээ. Томоохон төслүүд хэрэгжихгүйгээр улс орны эдийн засгийн өсөлт явагддаггүй. Уг төслийн хувьд аюул, эрсдэл дагуулах бус харин ч бусад аж үйлдвэрийн төслүүд хэрэгжих дэд бүтцийн суурийг тавьж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Удаах гүтгэлгүүд буюу нүүрсний хангамжийн асуудал болон “Нүүрс дуусчихвал Монголын тал хариуцлага хүлээнэ”, “Эндээс авлига үнэртээд байна”, “Нүүрсний уурхайн захирал нь өнөөх 27 настай тэр шүү дээ” гэхчлэн уг төслийг харлуулахыг хичээсэн огт ул үндэслэлгүй асуудлаар энд тайлбар, няцаалт хийж суух нь утгагүй хэрэг. Шүүх байгууллага холбогдох сэжиг таамаг байгаад хэрэв шүүхэд хандсан бол тайлбар өгөх биз, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаас болж “мөнхийн 27 настай” тэр иргэнийг дулааны станцын төсөлтэй хүчээр холбохоор уялдаж өгөхгүй байна.  Ингээд эцэст нь “эцсийн аюул” буюу хятад цэргээр айлгасан байгаа юм. Дэндүү ядсан танил технологи байгаа биз. Хэрэв мэргэжлийн байгууллагын судалгаа, албан ёсны тоо баримтууд байгаагүйсэн бол энэ төсөл баттай гацах бүх аргыг “найман аюул” гэж нэрлэж байгаад “нааж, нялж” өгчээ. Тухайлбал, “Монгол улсын зүрхэнд, эрчим хүчний системийн 50 хувийг эзлэсэн хятадын хөрөнгө оруулалт 25 жилийн турш байна гэдэг бол асар том эрсдэл мөн. Энэ ЦС-ийг хятадууд барина, дараа нь ч хятадын цэргүүд орж ирэх нь баталгаатай болчихоод байгаа юм. Өмнө манай УИХ-ын холбогдох шийдвэр гараагүй байхад Нүхтэд хятадын барилгын цэргийн анги төмөр зам барина гэж шууд орж ирж байсан. Одоо яах бол?” гээд өндөрлөж байгаа юм. Хэрэв Хятадын цэрэг монголд орж ирэхийг гадны хөрөнгө оруулагчид шийддэг болсон бол “манай 76 маань хаана байна вэ, гадаадын харьяат, хилийн цэрэг зэрэг олон байгууллага юу хийж байна вэ” гэж асуухаар дэндүү ядмаг явуулга юм даа.

Монгол Улс болон БНХАУ хоорондын эдийн засгийн харилцаанд сэв суулгахуйц ийм хариуцлагагүй үг, үйлдлийг гаргасан этгээдүүдтэй харин хөгжилд саад учруулах гэж элдэв гүтгэлэг тараасных нь төлөө хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болов уу. Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагаан, гадаадын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх Засгийн газрын бодлогын эсрэг ажиллаж буй “гацаагчид”-аа шалгах цаг болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадын хөрөнгө оруулалтыг байдгаараа хамгаална гэж амласан. Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад “Хөгжлийн галт тэргэндээ суулгана гэсэн чинь яалаа” гэж ам асуун захидал бичиж хоёр орны Засгийн газар, төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар урт удаан хугацаанд төсөл боловсруулж түүнийг нь нэгэн үеийн Засгийн газар нь баталж эдүгээ бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байх байтал гацаачихаад байна. Одоо бүтээгчидтэй бус гацаагчидтай “дайтах”, тэдэнтэй хариуцлага тооцох цаг болжээ.

Оргилмаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх