Монгол бичгэн гэрлэн чимэглэлийг хотын төвд байршуулна

2018 оны 05-р сарын 11 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_20180510061835

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцлээ. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд Улсын их дэлгүүрийн баруун зүүн талын 76, 1-3 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44, 60 дугаар байрны дээвэр, фасад дээр Үндэсний бичиг бүхий гэрэлт сурталчилгааны байгууламж байрлуулах ажлын зураг төслийг боловсруулсан байна. Тухайн дөрвөн байрны дээр Улаанбаатар хотын билэгдэл болсон дөрвөн хүчтэний дүрс бүхий гэрэлт байгууламж, ханан хэсэгт Монгол бичгэн гэрэлт самбаруудыг байршуулахаар төлөвлөсөн байна. Бичиглэлийн хувьд “Миний сайхан хот”, “Бид нийслэлдээ хайртай”, “Өргөөгөөс Улаанбаатар” зэрэг үгийг уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн “Аттилла тиг”-ээр бичихээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөсөн ажлыг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд Үндэсний бичиг бүхий биет байгууламж байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Уг байгууламжийн загвар шалгаруулах уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж, шалгаруулалт явагдаж байгаа юм байна.

Хөшөө баримлаар дамжуулан Монгол хэл, Үндэсний бичгийг сурталчлах зорилгоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч орчуулагч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө барих саналыг мөн танилцуулсан. Харин хөшөө барих байршлын хувьд өөрчлүүлэх саналыг ажлын хэсгээс гаргаж байгаа аж. Зөвлөлийн гишүүдээс хөшөө барихыг дэмжиж байгаагаа илэрхийлж, байршлыг сайтар судалсны үндсэн дээр НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээж байлаа. Хурлын төгсгөлд хотын даргын зүгээс эдгээр ажлыг яаралтай хийж, улсын баяр наадмын өмнө дуусгахыг үүрэг болгов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх