Аавууд гэхээсээ илүү ээжүүд бид л хүүхэдтэйгээ зууралдаж, ихэнх цагийг өнгөрөөдөг. Ингэснээрээ аавууд хүүхэдтэйгээ харилцахдаа хөндий байх , хүүхэд эцэг хоёрын дунд үл ойлголцол амархан үүсч болох юм. Тиймээс аавуудад хандаж дараах зөвлөгөөг бэлдлээ.
-Хүүхэдтэйгээ ярилцах байх хэрэгтэй. Ямар нэг ажлыг хүүхэдтэйгээ хамтдаа хийх нь чөлөөтэй илэн далангүй ярилцах боломжийг олгодог юм шүү.
-Хүүхэддээ зориулж цаг гарга. Амралтын өдрөөрөө хүүхэдтэйгээ хамт тоглон, хүүхдийнхээ яриаг идэвхтэй сонсож, эв хавгүй байсан ч хамтдаа тоглож байвал хүүхэд аз жаргалтай байдаг.
-Хүүхэдтэйгээ хамт олон сайхан дурсамжийг бий болго. Хожим хүүхэд насаа дурсан санахад тэр үе түүний амьдралд нь хүч нэмж байдаг юм шүү.
-Та зориуд зав гаргаж сардаа нэг удаа хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулиар очиж анги даасан багштай нь уулзан сэтгэгдлээ солилцон, сургууль цэцэрлэгийнх нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаарай. Магадгүй таны санаанд ороогүй зүйлийг ч сануулж болно.
-Хааяа хүүхэдтэйгээ хоёулхнаа болз. Оройн хоол идэх ч юмуу, явган алхах ч юмуу, тоглоомын газар хамтдаа очих, эсвэл гэртээ хоёулхнаа үлдэж гэр бүлийнхэндээ амтат хоол бэлдэнгээ яриа өрнүүлэх ч бас сайхан л санаа шүү.