Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн, хүнс экспортлогч улс болох зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахад Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэж, уг арга хэмжээ орон даяар эхлээд байна.
Өвөрхангай аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон Засгийн газрын гишүүд “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний жилийн нээлтэд оролцлоо.
Монгол Улс өнөөдрөөс эхэлж мал сүргээ өвчилсөн үед нь тэмцдэг бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтийн ажил болгон хэрэгжүүлж байна.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Засгийн газар эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгон, иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, цаашдаа “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан. Мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх үндэс. Иймээс энэ ажлыг өнөөдрөөс бүх аймаг, нийслэл, сум бүрт эхлүүлж байна” гэв.
Энэ ажлын хүрээнд Засгийн газрын болон Онцгой комиссын гишүүд нэг нэг аймаг хариуцан, тухайн аймагт улиралд хоёроос доошгүй очиж явц, үр дүнтэй нь танилцан, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм. Мөн аймаг, сумдад Ажлын хэсэг ажиллана. Энэ сарын нэгнээс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 67 сая толгой малд өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг орон даяар явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн юм.
Малчдад мал сүргээ ямар нэгэн өвчний эрсдэлгүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээнд аймаг, орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, малчид идэвх санаачилгатай оролцож, хариуцлагатай ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангайчуудад уриаллаа.
Эх сурвалж: ХХААХҮЯам