Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж буй нийт ажиллагсад, сэтгүүлч уран бүтээлчиддээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.
Юнескогоос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласнаас хойш 25 дахь жилдээ энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэвлэл мэдээлэл бол эрх чөлөөт ард түмний хувьд “амьсгалах агаар” нь юм. Агаар дутвал амьсгал боогдохтой адил хэвлэлийн эрх чөлөө хумигдвал ардчилал, шударга ёс устана гэж ардчилал хөгжсөн оронд үздэг. Тиймээс дэлхийн ихэнх улс орнууд хэвлэлийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн хамгаалж ирсэн. Монгол ч үндсэн хууль болон бусад хуулиараа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрхийг хуульчлан баталгаажуулсан орон. 1913 онд “Шинэ толь”нэртэй сонин хэвлэгдэн гарснаар Монголд орчин цагийн сэтгүүл зүй үүссэн түүхтэй. Түүнээс хойших 100 гаруй жилийн хугацаанд Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл улам бүр хөгжиж ирсэн. Өнөөдөр ч технологийн ололт дагасан цахим сэтгүүл зүй түлхүү хөгжиж, шинэ боломжийн зэрэгцээ шинэ эрсдэлүүд анзаарагдаж байна. Ялангуяа олон нийтийн цахим сүлжээ иргэн бүр, хүн бүр “сэтгүүлч” байх боломжийг олгосноор мэргэжлийн сэтгүүл зүй илүү хариуцлагатай, ёс зүйтэй байх шаардлагатайг сануулах боллоо. Салбарт нь ажиллаж байсан хүний хувьд миний бие жаргал зовлонг нь сайн мэднэ. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн бичиж нийтлэх эрхийн талд ямагт зогсох болно. Сэтгүүлч бол гагцхүү үнэнийг бичиж мэдээлэх мэргэжлийн тангарагтай өвөрмөц мэргэжил. Сэтгүүлчийн хамгийн дотнын анд нь ҮНЭН. Үнэний төлөө үхлийг ч сөрөн ажиллаж чадах хосгүй сайхан мэргэжлийн эзэн болсон сэтгүүлчиддээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний үг нь үнэн, үзэг нь хурц, үйлс нь өөдрөг байх болтугай.
МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН