Уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотноо 4 дүгээр сарын 17-27-нд 23 дахь удаагаа болж өндөрлөлөө. Өнгөрсөн жил 10 өдөр, шөнийн буюу 240 цагийн тэмцээнд манай тамирчин, хөнгөн атлетикийн болон уулын спортын мастер Б. Буджаргал 1189 км гүйж дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ.
30 жилийн өмнө буюу 1988 онд Австралийн тамирчны тогтоосон 10 өдөр, шөнө 1551 км гүйсэн дэлхийн рекордыг 1555 км болгон шинэчлэн тогтоох зорилго тавьсан тамирчин маань 10 өдөрт 1304 км гүйн өнгөрсөн жилийн амжилтаа 115 км-ээр ахиулан хоёрдугаар байранд орж дэлхийн шилдэг гүйгч гэдгээ баталж монголчууд оюун ухаан, бяр тэнхээ, хүч чадал, хурдаар дэлхийд тэргүүлж эхэллээ.
Энэхүү тэмцээн нь амралт, гүйлтээ өөрөө тохируулан тасралтгүй 10 өдөр, шөнийн турш гүйдэг, тамирчнаас маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг тэмцээн юм. Өнөөдөр түүнийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Сүхээгийн Сүхболд хүлээн авч уулзлаа. Ийнхүү улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчин залуусаа спортын төрлөөр нь алагчлалгүй, төр засаг маань дэмжиж урамшуулаасай.