“Цагдаагийн байгууллагаас дөрөв дүгээр сарын 1-ээс тав дугаар сарын нэгнийг хүртэл “Хүүхдээ хамгаалъя”, “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг амжилттай хийж хэрэгжүүллээ.
Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн байх бөгөөд үүнээс насанд хүрээгүй хүн үйлдсэн 948 гэмт хэрэг байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг тус тус эзэлж байна. Энэ оны эхний 1 дүгээр улирлын байдлаар насанд хүрээгүй хүн үйлдэгдсэн нийт 140 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирчээ.
Хүүхдүүд болон эцэг эхчүүд, тэдний асран хамгаалагчид нь хууль эрх эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал байсаар байгаа нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байна.
Иймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан юм.
Аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хараа хяналтгүй, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг хийж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажиллагааг улсын хэмжээнд хийж, хэрэгжүүлж ажиллалаа.
Мөн энэ сард зарласан томоохон аяны нэг болох “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” аяны хүрээнд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх тал дээр анхаарал хандуулж, сургалт зөвөлгөөн, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хуудсуудаар дамжуулан иргэдэд хүргэж ажилласан юм.
Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн статистикаас харахад залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт өссөн дүнтэй байгаа аж.
Сүлжээний гэмт хэргүүд залилангийн хэргийн дийлэнх хувийг эзлэж байгаа бол тус аяны хүрээнд сүлжээний бизнес нэртэй залилах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн аж ахуй нэгжийг илрүүлэн шалгаж байна.
Иргэдийн хувьд залилах гэмт хэргийн хохирогч болсон бол нэн даруй Цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.
Залилангийн гэмт хэргээс болж 56.5 тэрбум хөрөнгийн хохирол учраад байна. Жил хүрэхгүй хугацаанд 35 мянган иргэн залилан мэхлэх гэмт хэргээс болж хохирсон байгаа аж.
Мөн тус аяны хүрээнд цахим орчинд явагдаж буй хууль бус зар сурталчилгааны 90 хувийг таслан зогсоожээ.
Цагдаагийн ерөнхий газраас иргэдээ урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй аяны нэг болох “Бяцхан зорчигч” аяныг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болоод байна.
ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ШУУДАН СОНИН