УИХ-ын гишүүн З.Нарантуяа Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзав

2018 оны 05-р сарын 01 өдөр, 08 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
narantuya
УИХ-ын гишүүн З.Нарантуяа өчигдөр (2018.04.30) Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Жэйсон Аллфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад гүйцэтгэх захирлын зөвлөх Варик Вайт, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Д.Нгүен нар оролцсон юм.
Төлөөлөгчид Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Дэлхийн банк, ОУВС, IFC зэрэг санхүүгийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн, үр дүнгийн талаар танилцуулав. Мөн төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой хэмээн онцоллоо.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Дэлхийн банк, ОУВС-ийн санхүүгийн дэмжлэг, хэрэгжүүлж буй хөтөлбөр нь богино хугацааны зорилт буюу төсвийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн орчинг сайжруулах, төсөв санхүүгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад үр дүнгээ өгч байгаа хэдий ч цаашид өсөлтийг тогтвортой байлгахад чиглэсэн урт, дунд хугацааны бодлогын зорилтыг тодорхойлоход Дэлхийн банк, ОУВС илүү анхаараасай гэж хүсч буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн нэг салбараас хамааралтай эдийн засгийн эмзэг эрсдэлтэй байдал үргэлжилсэн хэвээр байгааг дурдаад, ялангуяа ядуурлын хувь хэмжээ дорвитой буурахгүй, өрхийн орлогын бодит өсөлтөд ахиц гарахгүй, нийгмийн давхрагуудын орлогын түвшний ялгаа их байгааг онцолж, үүнд анхаарсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь Засгийн газарт зөвлөх, мөн орон нутгийн хөгжлийн шинэ бодлого стратегийг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай ажиллах цаашдын хамтын ажиллагаагаа чиглүүлэхийг төлөөлөгчдөөс хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх