АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд иргэдээс санал авч тодруулна

2018 оны 04-р сарын 24 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
31123936_1747707765316605_4039546574454390784_n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:

“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж иргэдэд санууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх