НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирлыг хүлээн авч уулзлаа

2018 оны 04-р сарын 23 өдөр, 17 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0797e1fb-1057-43d0-8a93-591df5870486

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2018.04.23) Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирал, ноён Даниел Пассон, Германы ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Др.Кристиан нарыг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг уулзалтын эхэнд Герман, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үр өгөөжөө өгсөн олон төсөл хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлээд, манай улсын 100 орчим их, дээд сургуульд 170 мянган оюутан сурч байна. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 83 төвд дээрхээс дөрөв дахин цөөн буюу 35.8 мянган сурагч суралцаж байна. Гэтэл их, дээд сургууль төгсөгчдийн 30 хүртэл хувь нь, мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төв төгсөгчдийн 50 орчим хувь нь ажлын байраар хангагдаж байгаа нь анхаарч үзүүштэй үзүүлэлт болохыг онцлов.

Улсын Их Хурлын гишүүд хэлсэн үгэндээ, цаашид дээд боловсролын шинэчлэл, судалгааны их сургуулиудыг кампус хэлбэрээр байгуулах, мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бэхжүүлэх гэсэн хоёр чиглэлд Герман улсын туршлага, хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ноён Даниел Пассон бидний хамтын ажиллагааны нэг үр дүн болсон Налайх хот дахь Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль бол кампус байдлаар оюутнуудтайгаа тулж ажилладаг сургуулийн жишээ юм. Тус сургуулийг өргөжүүлж, олон улсын стандартад нийцүүлэхийн тулд сургуулийн лабораторийн барилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтэд долоон сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна гэв. Мөн энэ онд Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн таван жилийн ой тохиохын зэрэгцээ Мэргэжлийн боловсрол сургалтын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна гээд энэ үеэр Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн дэд сайд, ноён Бартел Монгол Улсад ирэх тухай мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг төлөвлөгдсөн ажлуудыг амжилттай зохион байгуулахад анхаарч, хамтарч ажиллахад манай байнгын хороо нээлттэй байх болно гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх