МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Танай байгууллагаас хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Ер нь хуулийн төслийг хэрхэн харж байгаа вэ?
-Гурван талын ажлын хэсэг есөн жилийн өмнөөс Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэхээр ажилласан. Тус хууль батлагдсанаас хойшхи хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүд бий болсон учраас хуулийн зохицуулалт алдагдаад байгаа юм. Түүнээс гадна албан бус салбарын хөдөлмөр эрхлэлт ямар нэгэн зохицуулалтгүй байна. Тиймээс энэ салбарыг зохицуулалттай болгох хэрэгтэй. Хуулийн төслийн хэд хэдэн заалт дээр МҮЭ-ийн холбоо санал нэгдэхгүй байгаа. Иймд Үндэсний хороогоор дахин хэлэлцэх шаардлагатай гэдгээ илэрхийлж, санал тавьсан.
-Ямар санал тавьсан юм бэ. Тодруулбал…?
-Хуулийн төсөл дээр хамтран ажиллахдаа л талууд баримтлах зарчмаа албажуулсан. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлийг дордуулахгүй байх ёстой. Хэрэв дордуулсан заалт оруулбал үүнийг шинэчлэл гэж үзэх боломжгүй. Харамсалтай нь УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд өмнөх хуулийн хэд хэдэн заалтыг дордуулсан байдлаар оруулчихсан байгаа. “Салбарын хамтын хэлэлцээрт ажил олгогчийн хувьд салбарын яам нь хэлэлцээрийн нэг тал болж орохгүй байх” гэсэн зохицуулалтыг Засгийн газраас санал болгоод хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын цалин хөлсний асуудлаар хэлэлцээр байгуулахад БСШУСЯ оролцохгүй байх, оролцохоор бол нээлттэй хэлбэрээр оролцох зохицуулалтыг хийсэн байгаа юм. Мөн суманд хамтын хэлэлцээр байгуулахгүй, аймгийнхаар шийднэ гэж заасан байгаа. Энэ бүгдийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн чадвараа 1-30 хүртэл хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвараа сэргээх боломжтой гэж үзээд ямар ч зохицуулалтгүй үлдээчихсэн гэх мэт хэд хэдэн заалтыг тусгаад өргөн барьсан байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.
-УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхээр болчихлоо. МҮЭ-ийн холбооны санал зөрүүтэй байгаа дээрх заалтууудыг эргэн харж өөрчлөх боломж бий юу?
-Сүүлийн есөн жил хуулийн төсөл дээр ажилласан Ажлын хэсгийнхэн хоорондоо ярья гэсэн зарчмын саналын УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд чиглэл болгосны дагуу тус байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болсон байгаа.
-Эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч цалин нэмэх хэмжээнд хүрээгүй гэдгийг зарим эдийн засагчид хэлээд байгаа. Ер нь манай улсын төсөвт төрийн байгууллагын дунд шатны ажилтнуудын цалинг нэмэх “тэнхээ” бий юу?
-Өнөөдрийн байдлаар цалин хөлсийг нэмэх бодит бололцоо байгаа. Үүнийгээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүн “Эдийн засагт гэрэл гарлаа” гэсэн шүү дээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа ОУВС-ын суурин төлөөлөгч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгээ өгч Монгол Улсын эдийн засаг өсч байна. Гол, гол салбаруудад тодорхой хэмжээний дэвшил гарлаа” гэх мэдээллийг хийсэн. Тиймээс эдийн засгийн өсөлтийг хувь хүн болон өрх рүү чиглүүлэх нь төрийн бодлогын салшгүй хэсэг байх ёстой. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар хаврын чуулганы нээлтийн үеэр “Эдийн засгийн бодит хүртээмжийг айл өрхийн хаалгаар оруулъя. Эдийн засаг өсч байгааг хувь хүний цалин орлогоор нь харуулъя” гэж хэлсэн. Тиймээс МҮЭ-ийн холбоо гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахыг шаардаж ойрын хугацаанд бүр тодруулбал энэ долоо хоногт багтаан Хөдөмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулъя гэсэн саналаа тавьсан. Энэ хурлаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийг эхлүүлэх шийдвэр гарах учиртай. Улсын хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоёр асуудлыг тодорхой болгох ёстой.
-Ямар?
-Нэгдүгээрт, 2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 56.5 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгаж өгсөн. Үүнийг салбарын хэлэлцээрээр хэрхэн зарцуулахаа шийднэ гэдгээ Сангийн дэд сайд хэлсэн. Салбарын хэлэлцээрийг хэзээ эхлүүлэх чиглэлийг Үндэсний хорооны хурлаас гаргах ёстой. Хоёрдугаарт, өнгөрсөн оны аравдугаар сард Улсын нэмэлт хэлэлцээрийг эхлүүлсэн. Үүгээр энэ оны хоёрдугаар улиралд багтаан цалин хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрийг хийж, шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор тохиролцсон. Тохиролцсон хугацаа аль хэдийнэ болсон тул манай байгууллагын зүгээс Үндэсний хороог энэ сарын 30-ны дотор хуралдуулах саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хорооны дарга С.Чинзоригт тавиад байгаа. Гэвч хариу ирээгүй байна.