-Сайн байна уу. Сүүлийн үед Стандарт банкнаас Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү Эрдэнэт Үйлдвэр ХХК-аар батлан даалт гаргуулан зээл авч тус үйлдвэрийг их хэмжээний өр төлбөрт оруулсан асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон мэдээллүүд гарч байна. Энэ асуудлаар танаас хэдэн зүйл тодруулах хүсэлтэй байна. Та тодорхой мэдээлэл өгнө үү.
-Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор Стандарт банкны зүгээс 2013 оны 07 дугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрт хандан 109,000,000 ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86,950,000 ам.долларыг уг зээлд баталгаа гаргасан гэж үзэн Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулахаар өөр хоорондоо холбоотой 4 нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгүүлсэн. Үүнд: 2013 оны 7 сард Стандарт банк хамгийн анх арбитрт нэхэмжлэл гаргасан.
2013-2016 онд нийт 4 удаа арбитрын шүүх хуралдаж, хамгийн сүүлд 2016 оны 5 сард эцсийн шийдвэрээ гаргасан. Үндсэндээ стандарт банканд 50,9 сая доллар төлөх шийдвэр нь 2016 оны 5 сард гарсан бөгөөд шүүхийн тогтоол Эрдэнэт үйлдвэр ХХК-нд 2016 оны 9 сар 20-ны өдөр ирсэн байдаг. Харин бид шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 10 сарын 17 -ны өдөр гомдол гаргасан.
Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд үүсгэсэн Folio 965 тоот хэргийн хуралдаан 2014 оны 02 дугаар сард болж, хэрэг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн талд шийдвэрлэгдсэн. Харин Лондонгийн Олон Улсын Арбитрт үүссэн 132446 тоот хэрэг хэрэгсэхгүй болсон. Бусад 2 хэрэг (132445 тоот, 132455 тоот хэргүүд)-тэй холбоотой хурал Лондонгийн Олон Улсын Арбитр дээр 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сар, 2016 оны 02 дугаар сар, 05 дугаар сард нийт 4 удаа болж, Стандарт банкны нэхэмжлэлээс 35,961,574,4 ам.долларын төлбөрийг хүчингүй болгож, 50,988,425.60 ам.долларыг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулан Стандарт банканд олгохоор шийдвэрлэсэн. Лондоны Олон Улсын Арбитрын 132445 ба 132455 тоот хэргүүдтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-д 50,988,425.60 ам.долларын төлбөр ногдуулсан дээрх шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны Дээд Шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гомдлыг хүлээж авах эсэх тухай хурал 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Лондон хотноо болж, Эрдэнэт үйлдвэр ХХК нь арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51,000,000 ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гаргасан. 2016 оны 5 сарын Арбитрын шүүхийн шийдвэрт үндэслэн Стандарт банкны зүгээс Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд үндсэн зээлд холбогдох хүү, шүүхийн ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банканд олгохоор шийдвэрлэсэн. Мөн Нэхэмжлэгч АйСиБиСи Стандарт банк ПЛС-ийн 2016 оны 5 сарын Арбитрын шийдвэрээ гүйцэтгүүлэх үүднээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх Захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Арбитрын шийдвэрээр АйСиБиСи Стандарт банк ПЛС-д төлөх нийт төлбөр 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 95,362,608 ам.доллар байсан бөгөөд энэхүү өр төлбөр сар бүр өсөн нэмэгдэж өнөөдрийн байдлаар 104 сая орчим ам.доллар болоод байна.
-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын батлан даалтын богино хэлбэрийн гэрээг Арбитрт гаргаж өгөөгүйгээс болоод Эрдэнэт үйлдвэр ХХК Арбитрт ялагдсан гэх мэдээллийг өгөөд байгаа энэ талаар та тайлбар өгөөч.
-Богино гэрээ урт гэрээ, хуурамч гарын үсэг болон жинхэнэ гарын үсэг гэсэн асуудлаас болоод арбитр-т ялах ялахгүйн тухай ярина гэдэг дэндүү гэнэн мэргэжлийн бус ойлголт. Арбитр-т ялагдсан олон шалтгааны ердөө нэг хэсэг нь юм. Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал Хэвлэл мэдээллийн хэрэгслээр богино хэмжээний гэрээний талаар ярьдаг. Арбитрын маргаан хэлэлцэх үед ч энэ гэрээний талаар дурдагдаж тодорхой ажиллагаа хийгдсэн байдаг. Энэхүү хэлээд байгаа гэрээ нь 28 хуудастай бөгөөд 2013 оныг хүртэл Эрдэнэт Үйлдвэр ХХК-д бус Б.Мөнхжаргалын гэрийн сейфэнд хадгалагдаж байсан бөгөөд тухайн үеийн Улсын мөрдөн байцаах газарт зөвхөн богино хэмжээний нэг бус гурван гэрээний эх хувийг акт үйлдэн хураан авсан байдаг. Эрдэнэт үйлдвэр ХХК-д хууль зүйн зөвлөгөө үзүүлж буй Тейлор Уэссинг /Taylor Wessing LLP/ компани 2013 онд Улсын мөрдөн байцаах газарт, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн зүгээс 2017 онд Нийслэлийн прокурорын газар болон Авлигатай тэмцэх газарт тус тус удаа дараа хандан богино хэмжээний гэгдэх гэрээг гаргуулан авах хүсэлтийг гаргасан боловч эх хувиар нь авч чадаагүй. Харин Тухайн гэрээний хуулбарыг Авилгатай тэмцэх газрын тэмдгээр баталгаажуулан авч, давж заалдах ажиллагаанд ашигласан боловч үр дүнд хүрээгүй нь дараах шалтгаантай. Арбитрын шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанд Б.Мөнхжаргал нь өөрийн биеэр оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд энэхүү богино хэмжээний гэрээг гарын үсэг зурагдсан өдрөөр бүртгэсэн гэж мэдүүлсэн боловч Арбитрт авагдсан баримтаар 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн хэлтэст бүртгэсэн нь тогтоогдож түүний өгсөн мэдүүлгээс зөрсөн. Мөн 28 хуудастай гэх гэрээний сүүлийн хуудас нь 40 гэсэн дугаартай байсан нь Б.Мөнхжаргалын мэдүүлэг хуурамч гэж үзэх үндэслэл болсон. Бид Б.Мөнхжаргалтай түүнийг зөвшөөрсний дагуу 2017 оны 04 дүгээр сард уулзахад 40 дэх хуудасны талаар “Миний алдаа байсан” гэж тайлбарласан. Түүнчлэн 40 хуудастай гэрээний 18 дугаар зүйлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК санхүүгийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэсэн утга бүхий заалтыг оруулаад богино хэмжээний гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлдэг. Монгол улсын Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга”-д анз, дэнчин, баталгаа, барьцаа, батлан даалт зэргийг заасан байдаг. Нэгэнтээ үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ хийж байгаа бол агуулгын хувьд тухайн гэрээний зүйлээс өөр утга агуулгатай зүйлийг гэрээнд тусгах, батлан даалтын гэрээг тэрхүү зүйл заалтаар /18 дугаар зүйл/ бүхэлд нь үгүйсгэх нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд Арбитрын хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч нарт итгэл үнэмшил төрүүлээгүй. Б.Мөнхжаргал нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээ болон зээлийн талаар огт мэдэхгүй гэсэн тайлбарыг мөн Арбитрт өгсөн байдаг. Гэтэл 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцааны эрх үүрэг шилжүүлэх тухай” гэрээ нь Б.Мөнхжаргалын гэрт, түүний сейфэнд мөн хадгалагдаж байсан бөгөөд Хуулийн хэлтсийн гэрээний бүртгэлд бүртгэгдсэн эх хувь байсан нь мэдүүлэгтэй нь зөрсөн. Б.Мөнхжаргал нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцааны эрх үүрэг шилжүүлэх тухай” гэрээг 2011 оны 01 дүгээр сард “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн холбогдох хуулийн ажилтанд үүрэг өгч, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хамгийн сүүлийн дугаараар бүртгүүлсэн нь баримтаар тогтоогддог. Б.Мөнхжаргалын энэ мэт тайлбар мэдүүлгүүд бодит байдал Эрдэнэт Үйлдвэр ХХК-д хадгалагдаж байсан баримтууд зөрсөн нь Арбитрын шийдвэр Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн эсрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэгээхэн хэсэг болсон.
-Арбитрын шийдвэрээр тогтоогдсон 51 сая ам.долларын өр төлбөрийг шүүхэд байршуулаад давж заалдах боломж байсан атал Эрдэнэт Үйлдвэрийн ажилтнууд энэ боломжийг ашиглаагүй санаатайгаар давж заалдах боломжийг үхүүлсэн гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ.
-Английн Арбитрын шийдвэрийг тус үйлдвэр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан бөгөөд шийдвэрүүдийг давж заалдах гомдол гаргах зөвшөөрлийг хүсэж Английн Дээд Шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хандаж тайлбараа гаргасан. Гэтэл Английн Дээд Шүүх 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж 50,988,425.60 ам.долларыг Стандарт банканд учрах зардлын хамт 2017 оны 06 дугаар сарын16-ны өдрийн дотор шүүхийн дансанд байршуулах нөхцөлт захирамжийг гаргасан. Уг захирамжийг тухайн үед биелүүлэх боломж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьд байгаагүй, мөн тодорхой эрсдэлүүд үүсэхээр байсан. Энэ нь дараах нөхцөл байдлуудаар тогтоогдоно. Үүнд:
Нэг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК сар бүр 50,0-60,0 сая ам.долларыг эргэлтийн хөрөнгөнд зарцуулж, үүнээсээ ажилтнуудын цалин тавих, цахилгааны хэрэглээний төлбөр төлөх, сэлбэг хэрэгслээ худалдаж авах, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт хийх, улс орон нутгийн татвар төлөх, зэсийн баяжмалаа ачуулах зайлшгүй шаардлагатай тул тухайн үед 50,9 сая ам.долларыг шүүхийн дансанд байршуулах боломж байгаагүй. Энэ нь тухайн үеийн санхүүгийн баримтаар нотлогдоно.
Хоёр. Арбитрын шүүхийн дансанд мөнгө байршуулаад давж заалдах шатны шүүхийн шийдвэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эсрэг гарсан тохиолдолд шууд шүүхийн данснаас “Стандарт” банкны данс руу шилжих эрсдэлтэй байсан. Арбитрын шүүхэд хянагдсан нотлох баримтууд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эсрэг байсан бөгөөд найдлага тавьж байсан богино хэмжээний гэгдэх “Батлан даалтын болон үүрэг хүлээх тухай” гэрээ Эрдэнэт үйлдвэрийн эсрэг гарсан шийдвэрийг няцаах хангалттай нотлох баримт болж чадахааргүй байсан.
Гурав. Олон улсын зах зээлээс зээлийн санхүүжилт татан авахад 3-аас дээш сарын хугацаа шаардлагатай болдог учраас зээлийн санхүүжилт авах боломжит хугацаа байгаагүй.
Ингээд эрх бүхий этгээдүүдээс өгсөн зөвшөөрлийн дагуу бид дээрх Лондонгийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг “Шүүхээс мөнгөгүй, барьцаа байршуулах боломжгүй этгээдийн эрхээ хамгаалах боломжийг олгоогүй хязгаарласан”, “Санхүүгийн тайлагнал, тооцоолол буруу хийгдсэн байхад анхан шатны шүүх нэг талын баримтыг үнэлж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн”, “Шинжээчийн дүгнэлт байсаар байтал шинжээчийн дүгнэлтэд бодитойгоор дүгнэлт хийсэнгүй гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргасан. Гомдлыг давж заалдах шатны шүүх тухайн үед шийдвэрлэлгүй 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хэргийн материалыг ил болгох, 2016 оны 01 сараас хойших “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 500,0 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүх хэлцлийн мэдээллийг гаргуулж авъя гэсэн утга бүхий захирамжийг гаргасан. Мөн санхүүгийн мэдээлэл болон гэрээний мэдээллийг “Стандарт” банк ПЛС-д гаргасан тохиолдолд уг мэдээллийг тэд албадан шийдвэр гарахад ашиглаж, тухайн эд хөрөнгө байршиж байгаа газар албадлагын ажиллагаа явуулах захирамжийг Английн шүүхээр гаргуулах эрсдэл байсан. Гэтэл “Стандарт” банкны зүгээс дахин шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөрөнгө битүүмжлэх /Англи улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа/, “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шийдвэрийг үл хүндэтгэсэн гээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д үүрэг ногдуулсан захирамж гаргасан. Энэ нь Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” гэсэнтэй утга ижил шүүхийн шийдвэр гарах хүртэл хөрөнгийг битүүмжилж тодорхой үйлдэл хийхийг хориглосон, үйл ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгасан заалттай захирамж шүүхээс гарсан. Аль ч тохиолдлоор авч үзсэн шүүхэд хэрэв 50,9 сая ам.долларыг байршуулсан бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хохирох нөхцөл бүрдэх бус хохирчихсон байх байжээ гэдгийг хэргийн үйл баримтууд нотолсоор байгаа.
-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49%-ийн эзэмшигчид нөлөөлж Арбитрт санаатайгаар ялагдсан гэх мэдээллийн тухайд,
-Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн 49%-ийн хувьцааг Монголын Зэс Корпораци 2016 оны 06 дугаар сарын сүүлээр худалдан авсан байдаг. Харин арбитрын шүүх хуралдаан 2015 оны 10 дугаар сар, 12 дугаар сар, 2016 оны 02 дугаар сар, 05 дугаар саруудад тус тус явагдаж, шийдвэрээ эцэслэн гаргасан. Харин бичгээр шийдвэрээ 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талуудад хүргүүлсэн. Иймд 49%-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрт нөлөөлсөн байх ямар ч үндэслэлгүй юм.
-Арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй байх боломж байгаа юу Хэрэв биелүүлэхгүй тохиолдолд Эрдэнэт үйлдвэрт ямар эрсдэл үүсэхээр байгаа вэ
-1958 оны Нью Йоркийн конвенцийг 1994 онд Монгол Улсын хуулийн нэгэн адил хэрэгжүүлэхээр Монгол улс үүрэг хүлээсэн. Гэхдээ нийтийн эрх ашиг хөндөгдсөн эсхүл Монгол улсын дархан бүрэн эрх зөрчигдөж хөндөгдөж байгаа гэсэн үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх боломжтой. Хууль зүйн талаас нь авч үзвэл компани хоорондын гэрээний асуудалд нийтийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй, мөн Монгол улсын нийтлэг бүрэн эрх, ашиг зөрчигдсөн асуудал байхгүй бөгөөд зөвхөн 2 компанийн хооронд хийсэн гэрээ хэлцлийн үүргийг биелүүлэхтэй холбоотой асуудал юм. Түүнчлэн эрүүгийн журмаар тухайн асуудал шалгагдаж байгаа нь арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Хэрвээ 2013 онд эрүүгийн хэрэг үүсээд эцэслэн шүүхээр шийдвэрлэгдсэн байсан бол энэ асуудалд Английн шүүх хүндэтгэлтэй хандах байсан гэж хувьдаа боддог. “Эрдэнэт үйлдвэр” ХХК өнөөдрийн байдлаар дотоодод Арбитрын шийдвэрийг биелүүлэх эсэхээс үл хамаараад дараах эрсдэлүүд бодитоор байгаа. Үүнд:
- Тус үйлдвэр 106,0 сая ам.долларын зээлийг “Коммерз” /Commerz/ банк, “Самсунг”, “Рабо” /Rabo/ банкнаас авсан байгаа. Тэдгээр зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан 5,0 сая ам.доллараас дээш дүнтэй шүүхийн шийдвэр эсхүл арбитрын шийдвэр гарсан тохиолдолд дефольт /гэрээний үүргээ биелүүлээгүйд тооцогдоно/ гэж үзэхээр заасан. Энэ нь 106,0 сая ам.долларыг нэг дор төлүүлэхээр буцаан шаардах боломжтой бөгөөд үндсэн төлбөр, торгууль, алдангийг нэг дор төлөх эрсдэл үүснэ.
- АйСиБиСи Стандарт банк ПЛС-ийн 60%-ийн энгийн хувьцааг Хятадын Аж Үйлдвэр, Худалдааны Банк эзэмшиж байгаа ийм нөхцөлд арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа Хятадад явагдах магадлалтай бөгөөд тэгсэн тохиолдолд бүтээгдэхүүнээ 100% хятад руу гаргаж байгаа манай компанийн хувьд санхүүгийн хүнд байдалд орно. Компанид орж ирэх мөнгөн урсгалыг саатуулж, шууд өр нэхэмжилж, шийдвэрээ гаргуулсан газруудад шилжүүлэх эрсдэл бий болно.
- Эрдэнэт үйлдвэр ХХК Зэсийн баяжмал үйлдвэрлээд Худалдааны компаниар дамжуулан худалдан борлуулдаг. Тэдгээр худалдааны компаниуд нь гэрээ хэлцэл маргаанаа Английн хуулийн дагуу Английн шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцдог бөгөөд Эрдэнэт Үйлдвэр ХХК-тай хийсэн зэсийн баяжмалын орлого царцаагдах эрсдэл байгаа. Өмнө 7 сая ам.долларын өр төлбөрөөс болж 25 сая ам.доллар царцаагдаж байсан хатуу анхааруулга бидэнд бий.
– Стандарт банктай холбоотойгоор Авилгатай тэмцэх газар болон Олон улсад хийгдэж байгаа ажиллагааны талаар мэдээлэл өгөөч
– Эрдэнэт үйлдвэр ХХК 2016 оны 11 сараас 2017 оны 02 сар хүртэл Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газарт “Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу энэ асуудал нь үйлдэл хийгдсэнээр төгсдөг материаллаг бус бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Иймээс эрүүгийн хэргүүдийг сэргээж өгөөч гэдэг хүсэлтүүдийг удаа дараа /4 удаа/ гаргасан. Мөн Арбитрын шүүх шийдвэр гаргачихсан, гаргасан шийдвэр нь эцсийнх биш ч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бодитой хохирол учрах нөхцөл байдал үүссэн талаар тайлбарласан . Тухайн үед Английн арбитрын шүүхэд ялах магадлал туйлын бага байгаа гэдгийг Тейлор Уэссинг /Taylor Wessing LLP/ компанийн өгч байгаа дүгнэлт харуулж байсан. Тухайлбал, 2017 оны 02 сарын байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК шүүхэд ялах магадлал 8 хувьтай гэж Тейлор Уэссинг /Taylor Wessing LLP/ компани танилцуулсныг Ерөнхий захирал, ТУЗ-д энэ мэдээллүүдийг өгч ажилласан. Английн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 50,9 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК хариуцан төлнө, үүрэг ногдуулсан Арбитрын шийдвэр хэвээр байна, цаашид давж заалдах эрхгүй гэсэн утга агуулга бүхий шийдвэрийг гаргасан. Иймд Хувьцаа эзэмшигчдийн зүгээс хүүг зогсоож, 51,0 сая ам.долларыг төлөх талаар яаралтай хэлцэл хийх тухай удирдамжийг өгч, ТУЗ-өөс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хохирол багатай шийдвэрлэх чиглэлийг тус тус өгсөн. Гэтэл Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь төрийн мэдэлд авлаа гэсэн шийдвэрийг хувьцаа эзэмшигч “Монголын зэс корпораци” Захиргааны хэргийн шүүхэд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хөрөнгө хамгаалуулах тухай захирамж гаргуулах хүсэлт гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс, мөн Давж заалдах шатны шүүхээс ТУЗ-ийн гаргасан бүх шийдвэрийг, өмнө нь гаргасан болон цаашид гаргах шийдвэрүүдийг мөн түдгэлзүүлсэн. Харин өнөөдрийн байдлаар Стандарт банктай хэлэлцээр хийх ажиллагаа зогсонги байдалд орсон тул ТУЗ-д уг асуудлаар дахин хандсан ч тодорхой шийдвэр гараагүй хэвээр байна. Бидний зүгээс АТГ-т хандаж, Жаст Групп ХХК-ийн эд хөрөнгийг судлан тогтоож, битүүмжлэх хүсэлт гарган, шаардлагатай баримт бичгүүдийг гарган өгч ажиллаж байна. Арбитрын маргааны тухайд 2017 оны 07 дугаар сарын 2-ны өдөр гарсан шийдвэрүүдийг давж заалдах шатны ажиллагаа үргэлжилж байна. Шүүх хуралдааны тов хараахан гараагүй байгаа болно.
– Дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа
Б.Энхжин