“Усны засаглал”-ыг одоо л ярихгүй бол оройтож мэднэ

2018 оны 04-р сарын 19 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3-5

Өнөөдөр “Усны засаглал” сэдэвт хэлэлцүүлэг “Пума империал” зочид буудлын хурлын танхаимд боллоо. Уг хэлэлцүүлгийг БОАЖЯ, “Байгаль орчин,эрүүл мэнд” ТББ-аас хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын  усны бодлого зохицуулалтын асуудлыг хариуцсан төрийн төв байгууллага, их дээд сургууль, төрийн бус байгууллагуудын холбогдох албан тушаалтан, эрдэмтэн, судлаачид,сэтгүүлчид оролцов.

Монголчууд усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг ард түмэн. Ус бол байгалийн стратегийн үнэт баялаг.  Усны салбарын төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагаа, уялдаа холбоог  боловсронгуй болгох мөн усны зохисгүй хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж байгааг таслан зогсоохын тулд төрийн байгууллага, эрдэмтэд судлаачид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэгт оролцогчид нэлээд нухацтай ярилцав. Усны бодлогыг засаглалын түвшинд авч үзэх, засаглалын чадавхийг хөгжүүлэх орчин үеийн мэдээллийн технологийн эринд нийцсэн, үр ашигтай тогтолцоог тогтоох  талаар ярилцан хэлэлцэж үр дүнг зөвлөмж  хэлбэрээр төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх юм. Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь усны бохирдолтой сав газруудаар амьдарч,  энэ нь цаашдаа улам өсч, ус гамшгийн байдалд орох магадлалтай гэсэн үзүүлэлт гаргажээ. Усны хомсдол, бохирдлоос хүнсний аюулгүй байдал алдагдах, экосистем ундны усны хангамж муудах зэрэг олон муу үр дагавар гарах юм.

Манай дэлхий дээр нэн чухал дутагдаж байгаа, хөрөнгө шаардсан монополь тулгарсан асуудлуудын нэг нь ус  болоод байна. Усны бодлого нь нийгэмд  ядуурлыг бууруулах болон бүс нутгийн хөгжил, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэндийн  асуудлуудтай гүн гүнзгий холбоотой байдаг. Усны байгууламжууд хуучирч, муудсан, байгалийн эрсдэл, уур амьсгалын  өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргээс хамаарч устай холбогдолтой зөрчил, дутагдал улам ихэссээр байна.

Манай улсад тулгамдаж буй устай холбогдах асуудлын өнөөгийн бодит байдал, тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг  олон талаас нь ярилцаж,  “цаашид юу хийх вэ”, “хэн хариуцах вэ”, “яагаад” “Засгийн газрын аль хэсэгт яаж шийдвэрлэх вэ” гэх зэрэг асуултыг авч хэлэлцэв. Олон улсын хэмжээнд баримталж байгаа  усны засаглалын зарчмуудыг авч үзэж, усны засаглалын зарчмын түлхүүр асуудлуудыг сонгон авч, манай улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой асуудлыг судлан цаашид хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

 Усны зохицуулалтын эрх зүйг өнөөгийн шаардлагатай уялдуулан шинэчлэн боловсронгуй болгох, хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, үүнтэй уялдуулан хяналтын системийг сайжруулах, мэдээллийн системийг жигд хүртээмжтэй хангах, ил тод, нээлттэй байх, оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэн гүйцэтгэлийн чадавхийг хөгжүүлэх, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх системийг боловсронгуй болгох  асуудлууд хөндөгдлөө.  Усны салбарыг хөгжүүлэхэд олон улсын байгуулага бусад улсын санхүүжилт, зээл тусламжийн өгөөж, үр дүнг ч нарийвчлан авч үзэх шаардлагатай байгааг хэлэлцсэн юм.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх