GPS+механизм ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх

2018 оны 04-р сарын 18 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30776358_1872068156177488_1945473632_n

Европын Ардчиллын төлөөх түншлэл байгууллага, Клуб Мадрид байгууллага, Нидерландын олон намын Ардчиллын институттай “Тэгш нийгэм холбоо” ТББ хамтран GSP+механизмаар дамжуулж INSPIRED+Mongolia төслийг 2017 оны есдүгээр сарын 30-наас 15 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.

Европын холбооны GSP+ буюу хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс 2005 оноос хамрагдаж эхэлснээр 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд татваргүйгээр экспортлох боломжтой болсон. Харин үүний хариуд Европын холбоо хүний эрх, хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, сайн засаглалтай холбоотой НҮБ-ын 27 конвенцийг дагаж мөрдөхийг шаарддаг. Монгол Улс НҮБ-ын суурь конвенциудыг соёрхон баталж, хэрэгжүүлэх үүргээ биелүүлж байгаа ч конвенциудын зүйл заалт бүрийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл тулгарсаар байна.

Иймд GSP+ механизмаар дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй асуудалтай холбоотой НҮБ-ын болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенцуудыг бүрэн хэрэгжүүлэхэд орон нутгийн бодлогод дүн шинжилгээ хийх, мониторинг хийхэд туслах зорилгоор INSPIRED+Mongolia буюу “Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам” төслийг “Тэгш нийгэм холбоо” ТББ-аас хэрэгжүүлж байна.

“INSPIRED+Mongolia” төслийн хүрээнд Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал нь НҮБ-аас батлан гаргасан Эдийн засаг нийгэм, соёлын тухай Олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Олон улсын пакт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Олон улсын конвенци, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас батлан гаргасан Алагчлахгүй байх /ажил, хөдөлмөр эрхлэлт/ тухай 111 дүгээр конвенци зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай олон талын уулзалт ярилцлага зохион байгуулж, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замын талаар кампанит ажил өрнүүлж, эрх баригчдаар тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.

Энэ удаа “Тэгш нийгэм холбоо” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхэд татварын орчин хэр байгаа талаар болон удахгүй УИХ-аар хэлэлцэхээр зэхэж байгаа Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын саналыг тусгах зорилгоор тэдний төлөөллийг оролцуулсан санал солилцох уулзалтыг 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Hollyday INN зочид буудалд зохион байгууллаа.

Уулзалтад оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхэд татварын орчин тийм ч таатай биш, хөнгөлөлт чөлөөлөлт нь тодорхой бус, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдээгүй, аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахаас илүү аль болохоор шимтгэл хураамж төлснөөр чөлөөлөгдөхийг эрмэлздэг, тэдний хөдөлмөрийг бага үнэлснээр татвар төлөх хэмжээ нь буурч, хожим нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ буурдаг гэх мэт олон асуудлыг хөндөн ярилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхлэн ажиллуулж байгаа ААН байгууллагуудад үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлт хангалтгүй байгааг тэд дурдаад Татварын багц хуулинд энэ талаар тодорхой санал оруулах нь зүйтэй гэв.

Татварын тухай асуудал яригдахад зайлшгүй нийгмийн даатгалын асуудал хөндөгдөж байгаа учраас дараагийн уулзалтад Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулж тал талаас нь ярилцаж санал бодлоо нэгтгэх нь чухал гэж уулзалтад оролцогчид үзлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх