ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Байгаль орчны аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээний нэг төрөл бөгөөд үндсэн зорилго нь Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох, зайлшгүй мөрдөх эрхзүйн баримт бичиг, тэдгээрийн шаардлагын нийцлийн дүн шинжилгээг хийх, үл нийцлийг арилгахад туслах, үйл ажиллагааг сайжруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.
Байгаль орчны аудит нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй алдаа, дутагдалд торгууль шийтгэл, хуулийн арга хэмжээ авахыг урьтал болгодоггүй бөгөөд гаргасан алдаа, дутагдалаа холбогдох төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомж, стандартын шаардлагын дагуу арилгах боломжийг тодорхой хугацааны дотор шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөмжийн хамт тухайн аж ахуйн нэгж, байгууллагад боловсруулж өгдөгөөрөө Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн аудитын байгууллагаас хийдэг хяналт шалгалт, санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаас ялгаатай юм.
Байгаль орчны аудит нь тухайн байгууллагын байгаль орчинд учруулж болох аливаа сөрөг нөлөөлөл, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын экологи, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар үйлдвэрлэл явуулахад туслах, тэднийг учирч болох алдагдал, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Нөгөө талаар үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны гүйцэтгэлд Мэргэжлийн хяналтын байгууллагын хийх хяналт шалгалтын ажлыг хөнгөвчлөх, шуурхай болгоход туслах зорилго агуулдаг.
АУДИТЫН АЧ ХОЛБОГДОЛ:
Байгаль орчны аудитыг байгаль орчны удирдлагын тогтолцоо, хууль, эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болгон ашигладаг нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Байгаль орчин – нийгэм – эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэх, улс үндэстний экологийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн явцад байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүсэх онцгой нөхцөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Байгаль орчны аудитаар төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнд тавигдах шаардлагыг тухайн байгууллага нь байгаль орчны удирдлагын тогтолцоо, бодлого, практик үйл ажиллагаандаа нэвтрүүлж шинэ санаачлага гаргах, системтэйгээр нэвтрүүлэх эхлэлийг тавихад чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл байгаль орчны аудит нь өнөөгийн нөхцөл байдлын хувьд сонголтоор хийгддэг зүйл биш, харин ч болзошгүй нөлөөлөл, эрсдэл, үр дагавраас сэргийлэхэд чиглэсэн, дэс дараатай, системтэйгээр хэрэгжүүлэх цогц үйл ажиллагаа юм.
БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТӨРЛҮҮД:
Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны аудитыг 2 жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь тухайн жилд байгаль орчны аудит хийлгэсэн аж ахуйн нэгжийн талаарх тайлан болон дараа жил хуваарьт аудит хийлгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор БОАЖЯ-нд ирүүлдэг.
Байгаль орчны аудитыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэж хоёр ангиладаг. Байгаль орчны төлөвлөгөөт аудитыг 2 жил дутамд заавал хийлгэдэг бол төлөвлөгөөт бус аудитыг Засаг дарга, эсхүл Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хийдэг.
ХУУЛЬ ЭРХЗҮЙН ХАМРАХ ХҮРЭЭ:
Аж ахуйн нэгж, байгууллага нь Байгаль орчны аудитыг хуулийн дагуу эрх бүхий Мэргэжлийн байгууллагаар хийлгэн дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Байгаль орчны аудитыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101зүйлд заасны дагуу “Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ”;
2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 4.15-д “Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхдээ тухайн төсөлд хийлгэсэн байгаль орчны төлөвлөгөөт аудитын зөвлөмж, тайланг ирүүлнэ”;
3. “Журам батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-5 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.6-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд 2 жил тутамд хийлгэсэн байгаль орчны аудитын тайланг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт ерөнхий үнэлгээ хийлгэсэн байгууллагад ирүүлнэ”;
4. “Журам батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-4 дүгээр тушаалаар батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ын хавсралтаар баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан олгох хяналтын хуудас” хэсгийн төсөл хэрэгжүүлэгчээс хүлээн авах материалын жагсаалтын 3-т “Байгаль орчны хуваарьт аудитын тайлан” гэж тус тус хуульчилсан болно.