Шадар сайд Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэгжүүлэх нь чухал

2018 оны 04-р сарын 17 өдөр, 17 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
41af1f13e1423a77e360b15f9e2180f7

Бүс хоорондын Стандартчиллын холбооны (MAC)27 дугаар ерөнхий чуулган Бүгд найрамдах Турк улсын Стандартын байгууллагын санаачилгаар энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Киргыз, Узбекстан, Молдав, Казахстан, Тажикстан, Украин, Беларусь зэрэг улсын 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Бүс хоорондын Стандартчиллын холбооны27 дугаар ерөнхий чуулганы хүрээнд Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, Туркийн Стандартын байгууллагын ерөнхийлөгч Себахиттин Коркмаз нар хоёр талыг төлөөлөн 2018-2022 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд өнөөдөр (2018.04.17) гарын үсэг зурлаа. Монгол Улс, БНТУ-ын стандартчиллын байгууллагууд ирэх 4 жилд Монголын үйлдвэрлэгчдийг Европын холбоонд бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход нь тусалж дэмжих, худалдаа болон бараа солилцоог хөнгөвчлөх, техникийн саадыг арилгах, хоёр улсын үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцүүлэн хэмжилзүйн стандартыг хянах хамтарсан баг ажиллуулах, хүний нөөц, байгууллагын чадавхийг хөгжүүлэхийн тулд стандартчилал, тохирлын үнэлгээ буюу сорилт, хяналт шалгалт, баталгаажуулалт, хэмжилзүйн чиглэлээр сургалт, чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин гарын үсэг зурах ёслолд оролцож, Монгол Улс, БНТУ-ын стандартчиллын байгууллагуудын хамтын ажиллагаанд болон Бүс хоорондын Стандартчиллын холбооны 27 дугаар ерөнхий чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв. “Монгол, Туркийн стандартчиллын байгууллагууд хамтран бүс нутгийн стандарт, хэмжилзүйн салбарт томоохонд ахиц авчрах, хамтын ажиллагааны чухал хөшүүрэг болох олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахын сацуу хоёр тал ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурж байна. Энд тохирсноо богино хугацаанд амьдрал дээр яв цав хэрэгжүүлж, үр ашгийг нь хамтдаа хүртэх нь л хамгийн чухал. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт нөөц боломж асар их бий. Тэр дундаа Туркийн талаас суралцах зүйл бидэнд их байна. Инженер, техникийн нарийн мэргэжил, мэргэшил бүхий ажилтнууд манай Стандартчилал, хэмжил зүйн газарт шаардлагатай болж байгаад та бүхнийг анхаарал хандуулж, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжихийг хүсье” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ тэмдэглэв.

БНТУ-ын Стандартын байгууллагын ерөнхийлөгч Себахиттин Коркмаз “Худалдааны суурь нь стандарт юм. Турк, Монгол хоёр улс стандарт, хэмжилзүйн салбарт нягт хамтарснаар бизнес эрхлэгчдийнхээ хооронд гүүр болж чадна” хэмээн онцолсон. Энэхүү ёслолд мөн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Йлас оролцлоо.

Бүс хоорондын Стандартчиллын холбооны 27 дугаар ерөнхий чуулганы хүрээнд “Мэдээллийн технологи ба кибер аюулгүй байдлын салбарын стандартчилал”сэдэвт олон улсын сургалт семинар “Кемпински” зочид буудалд болох юм байна.

Анх 1991 онд Турк улсын Анкара хотод зохион байгуулагдсан чуулга уулзалтад 10 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцон өөрсдийн санаачлагаар Бүс хоорондын стандартчиллын холбоо (MAC) байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Тус байгууллагын гишүүн орнууд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажиллах, худалдаан дахь техникийн саад тотгорыг хөнгөвчлөх, стандартыг ижилсгэх, түүний дотор хүрээлэн буй орчин, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад стандартчилал, итгэмжлэл, хэмжилзүй, бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт хамтран ажиллах зорилготой ажээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх