Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас оюутан,залуус болон иргэдэд хандаж 500 ажлын байр эзнээ хүлээж байгааг зарлав. Урин дулаан цаг наашилж Монголыг зорих жуулчдын улирал эхэлж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байранд урьж,нэг өдрийн үйл ажиллагаа зохион байгуулав. Аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтныг олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар болон нийслэлийн Цагдаагийн газар Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан уг ажлын үр дүнд нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд залуучуудыг шууд зуучилсан юм. Актив Адвенчер Турс Монгол ХХК, Номадик Жөнис ХХК, Виржин Натур ХХК, Блю Скай Эйжиа ХХК , Юу Би Ай Эн ХХК, Шангри-Ла Хотел ХХК зэрэг 40 гаруй компанийн 500 гаруй ажлын байр байна.
Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудыг бүртгэв. Оюутан цагдаа нар нь жуулчны идэвхтэй улирлын хугацаанд буюу 6-8 дугаар сард гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллана. Бүтэн өдөр үргэлжилсэн арга хэмжээ оюутан ,залууст тустай ажил боллоо.