Турк улсад тэтгэлэгтэй суралцахыг хүсвэл хэнээр ч зуучлуулах шаардлагагүй

2018 оны 04-р сарын 16 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30429612_1352751831522978_478106648_n

Турк улсын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй  холбогдуулан Монгол Улсад суугаа тус улсын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ. Учир нь уг шалгаруулалтыг далимдуулан тэтгэлэгт бүртгүүлж,Турк улсад суралцахад туслана гэсэн хүмүүс олныг хохироож байгаатай холбоотой.

ЭСЯ-наас гаргасан уг анхааруулгад “Тэтгэлгийн шалгаруулалтад ирсэн бүх өргөдлийг тухайн оюутан, сурагчийн сурлагын дүн, ярилцлагын шалгалтын амжилт зэргийг үндэслэн Турк улсын холбогдох дээд байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд үнэлдэг. Энэ үйл явцад гадны ямар нэгэн хувь хүн, байгууллага нөлөөлөх боломжгүй. Харин дээрх хувь хүн, байгууллагууд нь тэтгэлэгт бүртгүүлсэн оюутан, сурагчдыг буруу чиглүүлэх нь тэтгэлэгт тэнцэх магадлалд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг зөвлөсөн байна.

Нөгөө талаас тэтгэлгийн сонгон шалгаруулалтын аль ч шатанд Турк улсын холбогдох дээд байгууллагаас шаардсан бичиг баримтыг гадаад хэлэнд орчуулах шаардлагагүй бөгөөд монгол хэл дээрх бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг. Туркийн тэтгэлгийн аль ч шатанд төлбөр төлөх шаардлагагүй.

Иймд тэтгэлгийн бүртгэлд туслалцаа үзүүлэх, тэтгэлгийн шалгаруулалтанд тэнцүүлэх зэрэг амлалт өгч төлбөр нэхэж буй хүмүүст итгэл үзүүлэхгүй байхын зэрэгцээ Турк Улсын холбогдох дээд байгууллагын зүгээс олгосон хувийн хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй байх нь хохирлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нууц үгээ бусадтай хуваалцсан бол нэн даруй солих шаардлагатайг тус улсын ЭСЯ анхааруулж байна.  Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн шалгаруулалтад тэнцүүлэх амлалт өгч төлбөр нэхэж буй хувь хүн болон байгууллагад итгэхгүй байхыг сануулжээ. Бүртгэл ирэх сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм.

Н.Манлай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх