БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнд оролцлоо

2018 оны 04-р сарын 13 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
68681275-f3c2-4c5e-a2f8-e28197a7f081

“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил-иргэдийн оролцоо” сэдэвт наймдугаар зөвлөлгөөн “Хамтдаа хөгжье” уриан дор өнөөдөр (2018.04.13) болж байна.

Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний академиас зохион байгуулж буй тус зөвлөлгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, ХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар оролцож, төрийн бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилтээс танилцууллаа.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэлсэн үгэндээ, энэ удаагийн парламент Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталлаа гаргалаа. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бүх нийтээрээ сүү, цагаан идээгээ хэрэглэх уриалгыг гаргасан нь үйлдвэрлэгч, хэрэглэгчид тустай алхам боллоо гэв.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад нийцсэн мал сүргийн зохистой харьцааг бүрдүүлэх, малын халдварт өвчинтэй тэмцэхийг малчдад, ган гачгаас хамаарал багатай, орчин үеийн дэвшилт техник, технологид суурилсан усалгааны системтэй газар тариалан хөгжүүлэхийг тариаланчдад уриаллаа.

Төлөөлөгчид хүнс, хөдөө аж ахуйн салбарт тухайлбал, мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, доктор Х.Отгонбилэг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин, “Дэлхийн малчдын холбоо”-ны дэд ерөнхийлөгч асан С.Мааманхүү, Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Н.Цогнамжил, орон нутагт 10000 ажлын байр бий болгох санаачилгыг дэвшүүлж буй Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир нарын үнэтэй санал санаачилгыг сонсож, төгсгөлд нь Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, орон нутгийнтөр захиргааны байгууллагууд, ТББ, мэргэжлийн холбоод, малчид, тариаланчдад хандсан уриалга, зөвлөмж гаргах юм.

Зөвлөлгөөнд гадаадын зочин төлөөлөгчид зорин ирж оролцож байна. Тухайлбал, Канад Улсын иргэн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Занадуразарбан” компанийн захирал Жереми Тийсон махны чиглэлийн үхрийн аж ахуй хөгжүүлэх боломжийн талаар, Япон Улсын иргэн “Михачи” компаний захирал Томоко Ибукуро Монгол оронд зөгийн аж ахуй эрхэлж, бүтээгдэхүүнээ Японд гаргаж байгаа тухай, Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа АНУ-ын иргэн Тимоти Шелл өрхийн болон фермерийн аж ахуйг хэрхэн амжилттай эрхэлж байгаа талаар, ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотын төлөөлөгчид мал бордох тэжээлийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, арга туршлагаасаа хуваалцах юм гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх