Ерөнхий сайд асан хоёр нөхрийн хар буруу санаа өвөрлөсөн эсэхийг шалгаж эхэллээ, үр дүнг хүлээх үлдэв

2018 оны 04-р сарын 12 өдөр, 15 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30184480_1349981488466679_1356567361_n

Ерөнхий сайд асан С.Баярыг өчигдөр суллав,түүнийг баривчлан хорьсон нь эндүү явдал боллоо гэсэн мэдээллийг өнөө өглөөхөн зарим сайтаар цацав. Гэвч тэр мэдээллийг цааш шейрлэн түгээж амжаагүй байтал  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг 30 хоног үргэлжлүүлэн баривчлах шийдвэр гаргав. Нэгэнт хийсэн хэрэг байгаа л бол хар,цагаанаа шалгуулаад орчин цагийн “Ард Аюуш” болчиход юу нь буруу билээ. Хичнээн жил сараар С.Баярыг Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Монгол Улсад хамгийн ашиггүй гэрээ хийсэн,гадныхантай нийлж эх орныхоо баялгийг хайр найргүй цөлмөсөн элэг буруу хулгайч,луйварчин гээд л аль муу үгээр хараан зүхсэнийг тийм ч амархан мартаж боломгүй. Тэгэхээр төрийн хууль цааз түүнийг хорьж цагдаж,асууж шалгаад юу гэхийг хүлээе,

Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас энэ сарын 10-нд баривчилсан. Улмаар энэ сарын 11-нд Нийслэлийн прокурорын газар яллагдагчаар татах санал ирүүлснийг шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн юм.

Шүүх хуралд С.Баяр ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар шууд холбогдон оролцсон байна. Харин  Ерөнхий сайд асан С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа нэлээд чанга дуугарч  байр сууриа хатуухан илэрхийдсэн. Тэрээр ярихдаа,”Миний үйлчлүүлэгч С.Баярыг дөрөвдүгээр сарын 10-ны 18 цагийн орчимд шүүхийн зөвшөөрөлгүйгээр шууд баривчилж хорьсон. Баривчлах болсон гол шалтгаан нь гэмт хэргийн ул мөр нотолгоо баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгах болзошгүй гэдэг нөхцөл байдлаар баривчилсан. Үүнийг нь эс зөвшөөрч шүүхэд би гомдол гаргасан. Шүүхээс зөвшөөрөлгүйгээр шууд баривчилсан үндэслэл нь өөрөө буруу юм. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материалууд өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архив, УИХ-ын архив, Үндэсний аюулгүйн зөвлөлийн архивт байсаар байтал С.Баярыг  Оюутолгойн гэрээтэй холбоотой материалыг устгах, үрэгдүүлэх, зөөвөрлөх, дахин гэмт хэрэг үйлдэж  болзошгүй гэж үзэн хойшлуулшгүй баривчилсан нь хуульзүйн үндэслэлгүй” гэв. Хэн нэгнийг үндэслэлгүйгээр хорьж шалгах эрх хууль хяналтын байгууллагад байхгүй. Тэгвэл өмгөөлөгч А.Ариунаа яагаад ийм байр суурь илэрхийлэв,С.Баяр үнэхээр эх орноо хайрлан хамгаалагч,хар буруу санаагүй нөхөр мөн үү гэсэн асуулт дахиад л олныг гайхшруулж эхлэв.

Сэжигтэн С.Баяр шүүх хурлын үеэр “Өнөөдөр намайг сарын хугацаагаар цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь өнөөдөр Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талаас нь харж үзээч” гэж хэлсэн нь үнэнд гүйцэгдэв үү гэлтэй. Дэлхийн соёлт хүмүүс үнэн шударгын төлөө дуу нэгтэй байгаа. Тэгвэл хоёр Ерөнхий сайдаа хорьж шалгаж байгаа Монгол Улстай харьцахгүй гээд чихээ бөглөөд холдохгүй л болов уу. Үнэнийг олох гэж байх зуур Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд навс унана гэдэг сэрүүн зүүд. С.Баярын өмгөөлөгчтэй дуу нийлүүлэн үйлчлүүлэгчээ өмөөрч байгаа Ерөнхий сайд асан                                          Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров хэвлэлийнхэнд хандаж,гоморхсон байдалтай хэлэхдээ, “Миний үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг АТГ-аас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ирж гэрчээр мэдүүлэг өг гэж дуудсан. Ингээд гурван цаг гаруй хугацаанд байцаалт авсны дараа шүүхийн зөвшөөрөлгүйгээр шууд баривчилж хорьсон нь хууль бус үйл ажиллагаа болсон. Энэхүү баривчлах үйл ажиллагааг эртнээс зохион байгуулалтайгаар урьдчилан төлөвлөсөн болохыг харуулж байна. Ч.Сайханбилэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ч байдлаар саад учруулаагүй. АТГ-ыг дуудсан цаг хугацаанд өөрөө ирж мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг хорьж цагдах ямар ч үндэслэл тогтоогдоогүй байхад баривчлан хорьсон. Энэ үйл явдал нь түүхэнд тэмдэглэгдэхүйцээр хуулийн том алдаа, ноцтой зөрчил болсон бөгөөд хууль эрхзүйн салбарт дахин давтагдах ёсгүй үйл явдал болж байна. Түүнийг буруутган шалгаж байгаа асуудал нь улс төрийн шинжтэй зохиомол хэрэг бөгөөд өмнөх Засгийн газрын шийдвэрийг дараагийн эрх баригчид нь зориудаар үгүйсгэж, хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор хүч хэрэглэн гүйцэлдүүлж байгаа нь хилсдүүлэлт болж байна. Монгол Улсын шинэ үеийн түүхэн дэх анхны улс төрийн хоригдлуудыг бий болгож байна” гэж мэдэгдсэн. Өмгөөлөгч нарын хэлэх үгийг ч бас тэвчээртэй сонсоё,ард түмээн. Ажлынхаа хөлсийг ханатал авсан өмгөөлөгч нарт ажлаа хийх боломж олгоё,”зүгээр л салхийг тавиад өг”.

Одоохондоо Ерөнхий сайд асан хоёр нөхрийн зөв бурууг шалгах ажил дөнгөж эхэлж байна. Тийм болохоор хүлээцтэй байцгаая. Монгол Улсад хууль цааз бий,төрөөс цалин пүнлүү авч хангамж эдэлдэг хуульч,шүүгч олон хүн бий. Тэд нарынхаа ажлыг тайван хийлгэе. Үнэнийг тогтоох хүртэл  амгалан байцгаа, учрыг магадлах гэж байна,цаана чинь.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх