Эрүүл энхийн манаанд зөвхөн эмч нар зогсох уу эсвэл гурван саяулаа юу

2018 оны 04-р сарын 10 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
838297739d43004c6e016721ef1f01599a7082f3

ДЭМБ, ЭМЯ-хамтран 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт:  хэнд ч , хаана ч” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан. Уг уралдаанд нийтлэлийн төрлөөр тэргүүн байр эзэлсэн Монголын үнэн сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн Эрүүл энхийн манаанд зөвхөн эмч нар зогсох уу эсвэл гурван саяулаа юу нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 “…Хөөрхий тэр, энэ минь арай л эрт хорвоогоос явчихлаа. Түүнд дуусгаагүй ажил, хийх зүйл олон байсан шүү дээ…” гэх харуусал,  эмгэнэлийг сонсоогүй хүн байхгүй болов уу. Үнэхээр  харамсалтай.  Дотнын хэн нэгнээ хорвоогийн жамаас эрт үдэх нь юутай гаслантай. Гэхдээ үүнийг сөрж, зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэн хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай амьдрах боломж бидэнд бий. Энэ нь эрүүл байх явдал юм. Үүний тулд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх нь хамгийн гол үндэс болж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бидэнд хүрч байна уу

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүр чанартай, санхүүгийн хүндрэлгүй авах ёстой гэдэгт дэлхийн бүх улс орон санал нэгддэг ч үүндээ хүрч чаддаггүй тал бас бий.  Дэлхийн хүн амын нэг хэсэг нь эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг шаардлагатай үедээ авч чаддаг учраас харьцангуй эрүүл, нөгөө хэсэг нь өвчин, зовлонд нэрвэгдэж, зарим нь амь насаа алдаж байна. Иймд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ онд ихээхэн анхаарал хандуулахаар болжээ. Тухайн улс орны хөгжлийн гол үндэс болсон хүн  эрүүл байж оюун санаа, бие бялдрын хувьд өндөр бүтээмжтэй, сайн сайхан амьдарна гэсэн үзэл баримтлалыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, улмаар энэ нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болсон. Хүн нь зорилго, үнэт зүйл, итгэл үнэмшил,  хүмүүжил, өндөр боловсролтой байж гэмээнэ тухайн улс орон хөгжих бөгөөд эерэг нийгмийг цогцлооно. Үүний тулд хүн эрүүл байх учиртай.  Зарим улс орон ямар зам туулж өнөөдрийн ололт амжилтад хүрснийг тэдний түүхээс харж болно. Тухайлбал, Япон улс энэ төвшинд хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гол бодлого нь хүнээ дээдлэн хөгжүүлэхэд чиглэж байв. Өөрөөр хэлбэл, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломжоор хангаж чадсан гэсэн үг. Өнгөрсөн онд Токио хотноо эрүүл мэндийн бүх нийтийн хамралтын хүрээнд зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтаар Дэлхийн банкны Ерөнхийлөгч “Өнгөрсөн жилүүдэд том алдаа гаргажээ. Бид эрүүл мэндээс илүү дэд бүтцэд анхаарч, үүнд хөрөнгө оруулалтаа чиглүүлж ирсэн алдааг засч, бодлогоо өөрчлөх ажил бидэнд тулгарч байна”  гэж мэдэгдсэн удаатай. Тэгвэл бид олон улсын жишгийн хаана явна, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан санал зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа бол. Өөрөөр хэлбэл, бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, санхүүгийн хүндрэлгүй авч чадаж байна уу. Үүнд жирэмсэн, ахмад настан, ерөнхий боловсролын сургуулийн 10 сурагч тутмын олонх буюу 8-9 нь “тийм” гэсэн бол хөдөлмөр эрхэлдэг арван хүн тутмын зургаа нь, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй болон эмзэг бүлгийн иргэдийн дийлэнх буюу 8-9 нь  “үгүй” гэж хариулжээ.

Нийгмийн идэвхтэй буюу хөдөлмөрлөх насныхан яагаад “үгүй” гэж хариулав

Олон улсын жишгээр тухайн орны эмнэлгийн тусламж үйлчилгээ эмзэг бүлэгтээ хүрч чадаж байвал хүртээмжтэй байна гэж үздэг аж. Гэтэл дээрх асуултад хариулсан байдал нь манай улсын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай хэмжээнд авч чадахгүй байгааг илтгэж байна. Аливаа асуудлын буруутанг хэн нэгнээс хайдаг зангаараа үүний буруутнаар эрүүл мэндийн салбар, төр засгийн удирдлагыг олон нийт нэрлэх болов уу. Манай улсын иргэн бүр хүссэн үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, авсан хэн нэг нь өвчнөөсөө ангижрахгүй байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Хувь хүн эрүүл байхыг харьяалсан салбарын ажил, эмч мэргэжилтний үүрэг гэж өрөөсгөл ойлгодог. Гэтэл бодит байдалд тус байгууллагаас 10, бусад салбар хамтын ажиллагаанаас 25, удамшсан генээс 10, үлдсэн 50 гаруй хувь нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгаагаар  тогтоожээ. Иймд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг  Баянзүрх дүүргийн XXI хорооны “Ачит сайхан” эрүүл мэндийн төвийг зорилоо. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн 70-80 хувь нь өндөр настан, бага насны хүүхэд байдаг аж. Тухайн хороонд албан ёсоор бүртгэлтэй 10900 гаруй иргэнээр тооцож тус эрүүл мэндийн төв санхүүжилтээ авдаг байна. Үүнээс гадна орон нутгаас шилжин ирсэн, зөвшөөрөлгүй газар бууснаас болж бүртгүүлж чадахгүй иргэн, нийтийн байрны оршин суугч зэрэг бүртгэлгүй 3000 орчим хүнд мөн адил тусламж үзүүлдэг. Энэ мэт асуудал болон засаг захиргааны нэгж байгууллагын уялдаа холбоогүй байдал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цалгардах, хүртээмжгүй байхад нөлөөлдөг байна.

Хэсгийн ахлагч нар иргэн, хорооны эмнэлгийн эмч хоёрын гүүр нь болох ёстой.  Энэ утгаар XXI  хорооны 14 хэсгийн ахлагчийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр эрүүл мэндийн сайн дурын идэвхтнээр бэлтгэсэн ч тэд үүргээ гүйцэтгэхгүй байгааг тус хорооны Эрүүл мэндийн төвийн дарга Т.Аварга шүүмжлэв. Тэрбээр “Иргэд өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй. Хүмүүсийн сэтгэлгээ ядуу байна. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулахаар ирдэггүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүд, хоолойн үрэвсэл хэр зэрэг байгааг тогтоож, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсны дараа аав ээжид нь сургалт явуулдаг. Энэ мэт ажлыг эмч нар санаачлан зохион байгуулдаг. Хүний эрүүл мэнд нь эмнэлгийн ажил гэдэг буруу ойлголтоос бид салах хэрэгтэй” гэв.

Бид хамгийн үнэтэй зүйлээ үнэгүйдүүлсэн

Өнөөдрийн нийгэмд эрүүл мэнд хамгийн үнэ цэнэгүй болж. Хүн автомашин, орон сууцаа даатгадаг, утас, ус, цахилгааны мөнгөө сар бүр төлдөг. Гэтэл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ үнэгүй. Үнэгүй болохоор л иргэд эрүүл мэнддээ анхаарахгүй байгаа нь нэг талаараа үнэн. Эмнэлэгт хандаж буй хүмүүсийн 80-90 хувь нь өвдсөн хойноо, зарим нь бүр эцсийн шатанд нь эмнэлэгт ханддаг байна. Тухайлбал, хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн дийлэнх нь III, IV шатанд буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтож авсан хэлбэртэйгээр эмчилгээнд хамрагддаг. Ийм тохиолдолд тухайн хүний амьд явах хугацаа багасдаг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт жил бүр хамрагдсанаар аливаа өвчнийг анхан шатанд нь оношилж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, бүрэн эдгэрэх боломжтой юм. Хөдөлмөр эрхлэгчдийн дунд  ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж өвчлөл харилцан адилгүй байдаг. Тухайлбал, гар аргаар алт олборлодог хүмүүсийн дунд хар тугалга, мөнгөн усны хордлого далд хэлбэрээр өндөр байдаг бол суугаа ажилтай тохиолдолд таргалалт, уул уурхайн салбарт ажилладаг хүмүүсийн дунд бөөр, амьсгалын замын өвчлөл өндөр байдаг. Харин ажилгүй иргэдийн дунд архи, тамхины хэрэглээ өндөр, эмзэг бүлгийнхний хувьд олон улсын жишгээр сүрьеэгийн тохиолдол зонхилдог байна. Далд хэлбэрийн сүрьеэг урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлж халдвар тархахаас хамгаалах боломжтой аж. Харин олон эмэнд дасалтай сүрьеэ эмч, мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Гэр бүлийнх нь гишүүн олон эмэнд дасалтай сүрьеэтэй бол бусдад мөн ийм халдвар тараадаг учраас аюултай гэж үздэг.

Хүүхэд бүр эмч болох албагүй ч эрүүл мэндийн боловсрол эзэмших ёстой

Аливаа зүйлд хүний суурь хүмүүжил чухал нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, бага насанд нь төлөвшүүлж чадвал зөв хүмүүжилтэй болдогтой адил бага насандаа сонссон мэдлэг амьдралынх нь дадал хэвшил болно гэсэн үг. Иймд эрүүл мэндийн хичээлийг бага ангиас нь зааж эрүүл байх эхлэлийг тавих нь зүйтэй. Тухайлбал, ямар хоол хүний биед тустай, хийжүүлсэн ундаа яагаад хортой байдаг, чихэр яагаад бага идэх ёстой, шүд угаахын ач холбогдол зэрэг энгийн, мэддэг хэрнээ амьдралдаа хэвшил болгодоггүй мэдээллийг өгөх нь үр дүнтэй. Эрүүл мэндийн наад захын мэдлэг, боловсрол дутмагаас эмчлэхэд хүндрэлтэй, архаг өвчтэй болох, бусдад халдааж тараадаг тал бий.  Иргэд эрүүл мэндийн хэр зэрэг мэдлэг, боловсролтойг харуулдаг өвчлөл бол бэлгийн замын халдварт өвчин. Энэ нь  халдварт өвчний гуравдугаарт бичигддэг бөгөөд өвчлөгсдийн 40 гаруй хувь нь 15-24 насны залуус байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол ямар төвшинд байгааг харуулж байна. Үүгээр ч зогсохгүй 15-19 насны хүүхдээс ДОХ-ын вирус илэрсэн тохиолдол цөөнгүйн зэрэгцээ өсвөр насандаа жирэмсэлдэг, үр хөндүүлдэг тохиолдол буурахгүй байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулаад ч үр дүнд хүрэхгүй байгаа нь тэдний эрүүл мэндийн мэдлэг, боловсролтой холбоотой юм. Эрүүл иргэнтэй байхын тулд эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх  дадал зуршлыг багаас нь зааж, дадал хэвшил болгох нь зүйтэй.

Байгууллагын хамгийн том үнэт зүйл бол ажилтан, тэдний эрүүл мэнд

Хүн амьдралынхаа 80 хувийг ажлын байрандаа өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Иймд нийгмийн эргэх хариуцлагын хүрээнд ажил олгогчид ажилтан, ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт жил бүр хамруулах нь хамгийн том хөрөнгө оруулалт юм. Зах зээлийн зарчмаар чадварлаг боловсон хүчнээ бүрэн ашиглаж байж хөдөлмөрийн бүтээмж өндөр гарна. Энэ утгаараа ажиллагсдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулдаг албан байгууллага, аж ахуйн нэгж цөөнгүй бий. Тэр дундаа импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Космо трейд” ХХК -г онцолмоор санагдлаа. Өдгөө 100 гаруй ажилтантай тус байгууллага өнгөрсөн жилээс эхлэн улиралд нэг удаа бүрэн шинжилгээ, үзлэгт хамруулж эхэлсэн байна. Хүнс, ахуй хэрэглээний импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас хуульд заасны дагуу “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг”-т шинжилгээг  Улсын II эмнэлэгтэй гэрээлж үзлэгт хамруулснаар олон олон ажилтан албан хаагчдынхаа амь насыг аварсан гэж хэлж болно. Тэр дундаа бамбайн хавдартай, чихний хэнгэрэг цоорсон, бөөрний дутагдалд орох магадлал өндөртэй байсан  заримыг илрүүлж, цаг алдалгүй эмчилгээнд хамруулсан байна. Мөн эмнэлгээс өгсөн зөвлөмжийн дагуу ажилчдаа элэгний В вирусийн эсрэг вакцинд хамруулах зэргээр шаардлагатай арга хэмжээг авсан байна. Эдгээр нь энгийн хэрнээ үр дүнтэй, ажилтан, албан байгууллагадаа ч ач холбогдолтойг тус компанийн гүйцэтгэх захирал Я.Майгүл онцлож байлаа. Тэрбээр “Ажилчдын дийлэнх нь залуу хүмүүс учраас үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаагүй учраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар зарим нь өвчнөө эрт мэдэж эмчилгээнд хамрагдаж, бүр үхлийн ирмэгт очсон нэгэн хүртэл харийн орныг зориод одоо эрүүл саруул болсон байгаа. Нөгөө талаар эрүүл мэндийн даатгалынхаа үнэ цэнийг мэдэрдэг болдог юм байна. Манай ажилчдын эрүүл мэндийн архив II эмнэлэгт үүсч байна. Давтан шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх үед байгууллагад хүндрэлтэй ч  нарийн зохион байгуулсан. Байгууллагын хамгийн том үнэт зүйл бол ажилчид, тэдний эрүүл мэнд. Ажилчид эрүүл байснаар хөдөлмөрийн бүтээмж өндөр байна” хэмээн онцлон хэлж байсан юм. Аливаа зүйлийг шаардах биш, өөрсдөө үлгэрлэх нь хамгийн зөв шийдэл байдаг гэдгийг энэ байгууллагын жишээнээс харж болох юм.

Одоо бид юунд анхаарах ёстой вэ

  • Хүнээ дээдлэн хөгжүүлэх бодлогыг төрийн болон хувийн байгууллага баримтлах учиртай. Тухайн улс орны хөгжлийн цөм нь хөдөлмөрлөх чадвартай, эрүүл хүн учраас бүх салбарт эрүүл мэндийн бодлогыг тодорхой тусгаж,  заалт бүрийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
  • Эрүүл мэндийн салбарт ажиллах чадварлаг боловсон хүчин бэлтгэх, сургах, тусламж, үйлчилгээг зөв зо­хион байгуулах, анхан шатны тус­ламж үйлчилгээг хөгжүүлэх, чанартай эм, тоног төхөөрөмжөөр хангах, хүрэлцэхүйц санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь чухал. Дэд бүтцийг хүн бүтээдэг учраас бодлогын төв нь эрүүл хүн байх учиртай
  • Өвчин нь хүндэрсэн байдалтай хүүхдийг эмнэлэгт авч ирээд тусламж үйлчилгээ авч чадаагүй тохиолдолд аав ээж нь эмчийг буруутгадаг. Гэтэл эмнэлэгт эрт хандахгүй, сэхээнд ортол нь явуулсан аав ээжид хариуцлага тооцох механизм байдаггүй. Хүний эрүүл мэнд зөвхөн эмч, мэргэжилтнээс хамаардаггүй учир иргэн, гэр бүлийн гишүүний хүлээх хариуцлагыг тодорхой болгох нь зүйтэй.
  • Одоогоор 90 гаруй их дээд сургууль, коллежид 160-аад мянган оюутан суралцаж байна. Тэдний жилийн сургалтын төлбөр дунджаар 1.5 сая төгрөг. Тэгвэл түүнээс арван хувийг өөрийнх нь эрүүл мэндэд зарцуулж яагаад болохгүй гэж. Тухайн сургуулийн удирдлагууд багахан санаачилгатай байвал бүтэхгүй зүйл биш. Хэрэв сургууль бүр оюутнуудаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж чадвал 160 мянган хүний эрүүл мэндийг хянаж чадах юм. Ер нь цэцэрлэг,  ерөнхий боловсрол болон их дээд сургууль, ажил олгогч гэх шатаар өгсөхдөө эрүүл байх боломж бидэнд бий. Үүнд талуудын идэвх санаачилга юу юунаас илүү чухал.
  • Монголын гурван сая иргэнийг зөвхөн эмч, мэргэжилтэнд хариу­цуулах уу эсвэл төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүгд хамтарч эрүүл энхийн манаанд бат зогсох уу. Та бодоод үзээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх