Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхав

2018 оны 04-р сарын 10 өдөр, 15 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
082024e15f0df6fac5c9e59da951d150

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн үдээс хойш Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга (Парламентын дарга) Ли Жаньшуд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун дотно мэндчилгээг Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд уламжилж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлал хийж буйд баяртай байгаа бөгөөд  энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн энэхүү айлчлал нь хоёр талын улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, олон чухал тохиролцоонд хүрсэнд Байнгын Хорооны дарга Ли Жаньшу баяр хүргэв.

Талууд Парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг үр дүнтэй  ашиглан хоёр орны харилцааг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа санал нэгтэй илэрхийлэв. Мөн хоёр талын стратегийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудыг бүтээлчээр ашиглах, улс төрийн намуудын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал гэж үзэв.

2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан талууд олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Талууд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэх хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх