ЦЕГ-аас “Хүүхдээ хамгаалья” сарын аяныг эхлүүлээд байна. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаантай ярилцлаа.
Энэ удаад “Хүүхдээ хамгаалья” сэдэвт аяныг өрнүүлж байна. Чухам яагаад энэ аяныг өрнүүлэх болов?
ЦЕГ-аас “Хүүхдээ хамгаалъя” сарын аяныг эхлүүлээд байна. Учир нь өнгөрсөн онд л гэхэд хүүхэд хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл нэг ЕБС-ийг дунджаар 1500-2500 хүүхэдтэй гэж бодоход бүтэн нэг сургуулийн хүүхэд тэр чигээрээ хохирсон гэсэн үг.
Хүүхэд хохирсон гэмт хэргийг ангилан авч үзвэл хүүхдийн амь нас хохирсон, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, танхайрах, хулгайлах, зам тээврийн осолд орсон зэрэг төрлүүд байна.Манай улсын хувьд хүүхдийн гэмт хэрэг гаралтыг хүн амынхаа тоотой харьцуулахад их гэж үздэг. Тиймээс энэ удаагийн эрчимжүүлсэн аяныг “Хүүхдээ хамгаалья” уриан дор зохион байгуулж байна.
Мөн 4 дүгээр сард хүүхэд үйлддэг болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг ихэсдэг учир 4, 5 дугаар сард энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа. Энэ сарын нэгнээс “Хүүхэд хамгаалах нэгдсэн арга хэмжээ” ажлыг эхлүүлсэн. Тус арга хэмжээг ХЗДХЯ, Гэр бүл, залуучуудын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд 7 бүлэгт 21 ажил хийгдэж, хүүхэд хохирсон байгаа, хүүхэд үйлдэх гэмт хэргийг бууруулах чиглэл барьж ажиллаж байна.
Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдоход ямар хүчин зүйлс хамгийн ихээр нөлөөлж байна вэ?
Хүүхэд гэмт хэрэгт холбогдох маш олон шалтгаан бий. Хамгийн гол нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байна.
Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай нь тогтоогдсон. Хүмүүс ажлаа сайн хийж, мөнгө олоод үр хүүхдээ хоол ундтай байлгах ёстой гэж зүтгэх зууртаа амьдралынхаа жинхэнэ зорилго болох үр хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхээ орхигдуулаад байдаг.
Өмсөх хувцастай, идэх хоолтой, юугаар ч дутаахгүй байлгана гэдэг бол өрөөсгөл ойлголт. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ ярьмаар, зөвлөмөөр, асуумаар олон зүйл байгаа. Гэтэл тэднийг сонсохгүй, анхаарал хандуулахгүй байхаар хүүхэд гэмт хэрэгт санаатай, санамсаргүй янз бүрийн байдлаар холбогдож байна. Ихэнх тохиолдолд хүүхэд гэмт хэрэг үйлдэхдээ эцсийн хор уршгийг нь ухамсарладаггүй. Ер нь гэр бүлийн хайр халамж дутуугаас болж, нөгөө талаас эцэг эхийн хараа, хяналт муутайгаас үүдэж бага насны хүүхэд бусдын халдлагад өртөж байна.
Сүүлийн жилүүдэд хүүхэд цахим тоглоомонд донтох үзэгдэл их болсон. Энэ нь хүүхдийг гэмт хэрэгт холбогдох бас нэг шалтгаан болох уу?
Тийм. Хүүхдүүд цахим тоглоомоос гэмт хэрэг хийх сэдэл их авч байна. Учир нь хүүхдүүд ямар нэг зүйлийг даган дуурайх их дуртай байдаг. Хэн нэгэнд уруу татагдахдаа амархан. Хийж буй үйлдлийнхээ эцсийн үр дүнг нь тооцоолох чадвар сул байдгаас гэмт хэрэгтэн болох тохиолдол гарч байна.
Манай улсад л гэхэд 500 орчим цахим тоглоомын газар байдаг. Жишээ нь нэг тоглоомын газарт 50 хүүхэд тоглодог гэж үзвэл өдөрт 25000 хүүхэд цахим тоглоом тоглож байна гэсэн үг.
Энэ бол маш их аюултай үзүүлэлт. Нөгөө талаас цахим тоглоомын газруудыг шууд хаах гэхээр 25000 хүүхэд гудамжинд шууд гарах магадлал өндөр. Цахим тоглоомонд донтсон хүүхдүүд бас их байна. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх хамгийн гол гарц бол эцэг, эхчүүд хараа хяналт, хайр халамжаа нэмэгдүүлж, хүүхдүүдийнхээ төлөө тэдэнтэй хамт байх юм.
Цагдаагийн байгууллагын зүгээс Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр сарын аянаас гадна ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 оны эхний улиралд МХЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэд хэдэн томоохон ажлуудыг зохион байгууллаа. Үүний үр дүнд хүүхэд үйлдэж буй гэмт хэргийн тоо энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 41 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ бол маш том үзүүлэлт.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах юм бол энэ төрлийн гэмт хэргүүд буурах боломжтой гэдэг нь харагдаж байна.
Харамсалтай нь эсрэгээрээ хүүхэд хохирсон гэмт хэрэг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл том хүн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Жишээ нь хүүхдийг залилан мэхлэх, хүүхэдтэй хэрцгий харьцах, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх, хүүхдийг сургуулийн орчинд очиж залилах зэрэг олон хэргүүд гарч байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд хүүхэд рүү чиглэсэн гэр бүлийн анхаарал халамж, төр болон нийгэм захиргааны шинжтэй ажлуудыг зөв зохион байгуулж, үр дүнд хүрэхгүй бол хүүхэд гэмт хэргийн золиос болох, гэмт хэрэг үйлдэх зөрчил буурахгүй.
Төр, захиргаа, хууль хяналтын байгууллагаас тогтмол арга хэмжээ авч, томоохон акцуудыг зохион байгуулсны үр дүнд хүүхэд үйлдэж буй гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байгаа нь сайшаалтай.
Тиймээ. Өнгөрсөн хугацаанд урьдчилан сэргийлэх ажлуудыг өндөр түвшинд олон хүнийг хамруулан хийсний хүчинд гэмт хэрэг буурахад нөлөөлсөн. Давтан хэлэхэд урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллага дангаараа биш төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг эхчүүд хамтран хийж байж үр дүн гарна гэдэг нь харагдаж байна.
Мөн БСШУСЯ-ны зүгээс сургуулийн орчинд мөрдөгдөж байгаа журмууд, сургуулийн орчны эргүүлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг сайн хангаж ажиллавал гэмт хэргийн гаралт буурах бүрэн боломжтой юм.
Өсвөр насны хүүхдүүд бараг бүгд л гар утас хэрэглэдэг болсон. Тэгвэл энэ хэрэглээ тал дээр аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
Судалгаагаар 18-аас доош насны хүүхдүүдийн дунд гар утас, интернэт хэрэглээ маш өндөр байгаа гэсэн үзүүлэлт гарсан. Энэ асуудал дан ганц цагдаагийн байгууллага биш дэлхийн нийтээрээ хяналт тавихад хүндрэлтэй болж байна.
Цагдаагийн байгууллагаас бусад байгууллагуудтай хамтран энэ тал дээр томоохон ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, дөрвөн үүрэн оператортой хамтран хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлэх, цахим гэмт хэргээс хамгаалах ажлуудыг хийж байна. Үүрэн операторуудын мэдээлснээр манайд нийт 3 сая гаруй дугаар хэрэглэгдэж байна.
Үүнээс нэг сая 200 гаруй мянган дугаарыг 18-аас доош насны хүүхэд хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Энэ судалгаанд үндэслэн хүүхдийн дугаарыг бүртгэж, дата нөөц үүсгэснээр ямар нэгэн хориотой сайт руу ордоггүй, ойр зуурын мэдээлэл авах, сайтын тоог хязгаарлах хяналтыг бий болгоно гэж харж байна.
Мөн дугаарын бүртгэлийг олон зүйлд ашиглах боломжтой юм. Энэ ажил 2019 он гэхэд хэрэгжээд эхлэнэ.
-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ямар ял шийтгэл оноодог вэ?
-Сүүлийн үед цахим ертөнцөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдоггүй мэтээр бичих болжээ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн 1.4-т зааснаар хариуцлага хүлээлгэдэг.
Хамгийн доод талын ялын санкци нь 12 жил байдаг. Цаашлаад 12-20 жил хорих ялаар шийтгэх буюу бүх насаар нь хорино гэдгийг заагаад өгчихсөн.
Хүүхэд үйлдсэн гэмт хэрэг, хүүхэд хохирсон гэмт хэргийн хувьд орон нутагт хэр их гарч байна вэ?
Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд 100 хувь гэж үзэхэд нийслэлд 60 хувь орон нутагт 40 хувь үйлдэгдэж байна. Нийслэлийн БЗД, СХД-т хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа бол орон нутагт Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймагт хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг зонхилж байна.
Улсын хэмээнд хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичнээн алба хаагч ажиллаж байгаа вэ?
Улсын хэмжээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 63 албан хаагч ажилладаг. Нийслэл хотод 25, хөдөө орон нутагт 38 алба хаагчид ажиллаж байна. Нэг урьдчилан сэргийлэх ажилтанд 17000-20000 мянган хүүхэд оногдож байна гэсэн үг. Нэг урьдчилан сэргийлэх ажилтан амрахгүйгээр бүтэн жил ажиллалаа гэж бодоход нийт хүүхдүүдийн 20-30 хувьд нь л хүрч урьдчилан сэргийлэх ажлыг хийх боломжтой. Тиймээс хүүхдийг гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ажилтны орон тоог нэмэх саналыг холбогдох газруудад хүргүүлсэн. Цагдаагийн бусад нийтийн хэв журмыг хамгаалах алба хаагчид ч нэмэлтээр ажиллаж байгаа.
Ер нь хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд бага болон өсвөр насны хүүхэддээ маш сайн анхаарал тавих шаардлагатай байна.
Бага насны хүүхдээ сургуульд нь өөрийн биеэр аваачиж өгч, цагт нь авах хэрэгтэй. Мөн өсвөр насны хүүхдийнхээ багш сурган хүмүүжүүлэгчтэй нь тогтмол уулзаж, юу хийж хаагуур явж байгааг нь ажиглан анхаарал тавьбал, хүүхэд чинь болзошгүй гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэгдэх болно гэдгийг л хэлмээр байна даа.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|