Хүүхдийн паркийн хувь заяа хаашаа эргэх вэ

2018 оны 04-р сарын 10 өдөр, 14 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
park

НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцсэн байна.

Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц барихад 1.6 жил зарцуулах бөгөөд иргэдийн ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс бүтээн байгуулалтын хугацаанд 7 түр зам нээхээр төлөвлөж буйг төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгээс танилцууллаа. Гүүрэн гарцын зарим дам нуруу Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)-гийн эзэмшлийн 3619 ам дөрвөлжин метр газраар дайран өнгөрөх нь нэлээд асуудал үүсгэв бололтой. Нийслэлд хүүхэд залуус гэлтгүй хөгшид өвгөд ч уг хүрээлэнд очих нь олонтаа. Хотын иргэдийн очдог, амардаг,чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц газар нь ҮСАХ билээ. Олон жилийн өмнөөс тус хүрээлэн рүү довтолсон мөнгөтэй эрхмүүдийн дайралтад өртөж газар нутаг нь хэд дахин багассан Хүүхдийн парк гүүр барих 1.6 жилд ямархуу байхыг төсөөлшгүй. Юутай ч өчигдрийн хуралдаан дээр ҮСАХ-гээс хэд хэдэн санал ирүүлжээ. Тус хүрээлэн нийслэлийн төсөвт жил бүр 698 сая төгрөгийн төсөв төвлөрүүлдэг байна. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын хугацаанд буюу 1.6 жилд ҮСАХ-гээс нийслэлд төвлөрүүлэх ёстой 698 сая төгрөгийг чөлөөлөх, хүрээлэнгийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрхийг тус байгууллагын ТУЗ-д олгох зэргийг уг саналд тусгажээ.

Дээр дурдсан 698 сая төгрөгөөс гадна ҮСАХ-д нөхөн олговор олгох эсэхийг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан тодруулав. Гүүрэн гарцын 16 дам нуруу Шангри-Ла зочид буудлын уулзвараас Замын цагдаагийн газрын уулзвар хүртэлх ҮСАХ-гийн хашаагаар дайран өнгөрөх аж. Уг хашааны нөхөн олговорт 322 сая төгрөг олгох ёстой гэдгийг ажлын хэсгээс танилцуулав. Хашаанд яах вэ нөхөн олговор олгодог юм байж. Хүүхэд залуус чөлөөт цагаараа хаана тоглох,зугаалах вэ.

Уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар хэлэлцэж, татгалзах шийдвэр гаргасныг Н.Батсүмбэрэл тэргүүлэгч дурдаж байсан. НЗДТГ нь ҮСАХ-гийн 24 хувийг эзэмшдэг аж. Тиймээс нийслэлийн оролцоотой аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн газраа үнэгүй өгөх боломжтой гэдгийг Ц.Байгалмаа тэргүүлэгч онцолсон. Тэгэхээр асуудал тодорхой байгаа нь илт.

Харин НИТХ-ын дарга С.Амарсайханы ярьж буйгаар, “Замын цагдаагийн албаны ойролцоо барих гүүрэн гарц бол зайлшгүй хийх бүтээн байгуулалт. Нөгөөтэйгүүр ҮСАХ бол хүүхэд, багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлсэн газар. Тиймээс  хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаас ард түмний ая тухтай орчинд ажиллах, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй” юмсанж. Ёстой нөгөө идүүлсэн хурга хөөрхий, идсэн ч  чоно ч хөөрхий гэдэгтэй адил ч юм шиг.

Тэргүүлэгчдийн саналыг хураахад ҮСАХ-гийн саналыг хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонх дэмжсэнгүй. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг ойрын хугацаанд ҮСАХ-гийн удирдлагуудтай уулзаж, дахин хэлэлцээ хийхийг үүрэг болгов. Ийнхүү Хүүхдийн паркийн хувь заяа бүрхэг болох нь ойлгомжтой болов.

Н.Цахиур

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх