Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

2018 оны 04-р сарын 10 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d604b83b97cb76f2b5da41d9cf78b456

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгох тухай тусгасан байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр Хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош оноогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгажээ.

Монгол Улсын нэг өрхийн дундаж орлого 1.000.000 төг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж нэмэгджээ.

Иймд ядуурлын шугамд ойролцоо байгаа дундаж бүлгийн өрхөд чиглэсэн бодлого хөтөлбөрийг нэмэгдүүлснээр тэднийг ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой гэж Тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход хүүхдийн тоо 228 мянга орчмоор нэмэгдэх бөгөөд 41.0 тэрбум төгрөг нэмж шаардагдахыг 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх