ЖИГЖИДИЙН МӨНХБАТ
(1941-2018 он)
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын даяар дуурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат хүнд өвчний улмаас 2018 оны 4-р сарын 09-ний өдөр таалал төгслөө.
Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, дээд боловсролтой. СЭЗДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Тэрбээр бага залуу наснаасаа бөхийн спортоор сонирхон хичээллэж, 1961 онд МБАТ-ний анхдугаар спартакиадын 28 бөхийн тойргийн барилдаанд 25 давж түрүүлэн улсын заан цол, 1963 онд улсын наадамд анх удаа түрүүлэн улсын арслан цол,1965 онд улсын наадамд гуравдахь удаагаа түрүүлэн улсын аварга цол, 1966 онд улсын наадамд дөрөв дэх удаагаа түрүүлэн дархан аварга цол тус тус авчээ. Мөн 1964 онд 9 давж түрүүлэн улам нэмэх чимэг авсан. 1967 онд ес давж завсаргүй тав дах удаагаа түрүүлэв. 1974 онд зургаа дахь удаагаа түрүүлэн баяр наадмын манлай чимэг, 1961 онд улсын наадамд дөрөвт үлдэж олныг баясуулагч чимэг, 1969 онд 7 давж, 1971 онд 8 давж анх үзүүрлэн далай даян чимэг, 1973 онд 7 даван дөрөвт үлдэж даяар дуурсагдах чимэг, 1975 онд үзүүрлэн түмнээс төгөлдөр чимэг, 1977 онд дөрөв үлдэн өнөд баясгалант чимэг, 1978 онд үзүүрлэждалай дайчин чимэг, 1979 онд 7 давж шөвгөрөн бүхнээ дуурсгалт чимэг, 1980 онд 8 давж үзүүрлэн манлайн баясгалант чимэг,1981 онд дөрөвт үлдэн үлэмж бадрах чимэг, 1983 онд дөрөвт үлдэн тод сонин үзэсгэлэнт чимэг, 1985 онд 6 давж шөвгөрөн бат нягт итгэлт чимэг, 1994 онд 6 давж шөвгөрөн өнөд түвшин хотлоор баясгагч чимэг, 1975 оны МБАТ-ний тавдугаар спартакиадын 30 бөхийн тойргийн барилдаанд 26 давж гуравдугаар байрт шалгаран улс даяар гайхамшигт чимэг тус тус нэмсэн байна.
Ж.Мөнхбат ийнхүү Улсын наадамд завсаргүй тав, нийт зургаан удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэж, нийтдээ 21 удаа шөвгөрсөн Монголын алдарт бөх билээ.
Тэрбээр бөхийн чөлөөт барилдаанаар 1967 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 1968 оны зуны XIX олимпийн их наадмын мөнгөн медалийг эх орондоо анх удаа авч ирсэн, чөлөөт бөхийн анхны улсын шигшээ багийн гишүүн.
Ж.Мөнхбат “Их шавь” дээд сургуулийн үндэслэн байгуулагч. 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат юм.
Тэрбээр 1994 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол, 1967 онд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртэж, төрийн дээд бусад одон медалиудаар шагнагдсан байна.
Талийгаачийн хөдөлмөрч, дайчин, эрэмгий зан чанар, аатай омголон дүр төрх, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн тодоос тод мөр, барилдааны гайхам амжилтууд бөхөд хайртай Монгол түмний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО