Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

2018 оны 04-р сарын 05 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7139bf43-b2df-4ffc-85f7-ed9d77bb6b78

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2018.04.05 ) 10 цаг 04 минутад гишүүдийн 80.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ,Авлигатай тэмцэх хуулийг 22 жилийн өмнө батлан гаргаснаас хойш Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бид олон ажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

Үүний хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бусбайдлыг хангах ёстой. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой. Хэрэг шалгах явц удааширснаас,тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийг талцуулдаг, дундньхэрэг замхарч, тодорхойгүй болдог үзэгдэл хэвших хандлагатай байгаад онцгой анхаарвал зохино хэмээн онцолсон.

Түүнчлэн УИХ-ын дарга, “Эрдэнэт”үйлдвэрийг тойрсон асуудлыг одоо шуурхай шийдвэрлэж,хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой.

Авлига авсан, эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улс төрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ.

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино. Түүнчлэн Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийнтөлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм гэлээ.

Тэрбээр,Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно гэдгийг дурдсан.

/УИХ-ын даргын хэлсэн үгийг  http://parliament.mn/n/k7ey цахим хуудсаас бүрэн эрхээр нь уншаарай/

Дараа нь Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр, Урин дулаантай зэрэгцээд их ажил, бүтээн байгуулалт өрнөдөг онцлогтой улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын зүгээс нийгмийн дуу хоолойг анхааралтай сонсож, ард иргэдийнхээ санал бодлыг шийдвэр гаргахдаа тусгаж, нийгэмдээ зөв дохио өгч байх нь чухал байдаг хэмээгээд нэгдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн найман дүүрэг, 17 аймгаар аялан зохион байгуулсан уулзалтын үеэр ард иргэдээс илэрхийлсэн санал, шаардлагуудын талаар мэдээлсэн.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, улс төрийн намын сонгуулийн амлалт, үндэсний тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Төрөөс дэвшүүлсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх талаар үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны харилцан уялдаагүй байдлаас шалтгаалан тэтгэврийн тогтолцоонд томоохон гажиг, хөгжлийн эрүүл бус зүй тогтол бий болсныг иргэд, олон нийт илтээр шүүмжилж байна гээд олон жил ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч нь цөөн жил ажил хөдөлмөр эрхэлсэн, тэтгэврийн даатгалын шимтгэл бага төлсөн хүнээс илүү тэтгэвэр авдаг тэтгэврийн даатгалын шударга тогтолцоог иргэд хүсч байгааг уламжилсан юм.

Мөн тэрбээр, нийтийн сонсгол хийх замаар томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог, дүгнэдэг байх зайлшгүй шаардлага УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт тулгарч байна. Томилсон албан тушаалтнуудынхаа араас хяналт тавьж, томилогдсон албан тушаалдаа тэнцэж байна уу, үүргээ биелүүлж байна уу, ёс зүйтэй ажиллаж байна уу гэдгийг нэхэн шалгаж байхгүй бол хаа сайгүй, дээр дооргүй хариуцлага алдах, ёс зүйгүй авирлах нь хэрээс хэтэрч, иргэдийн бухимдлыг төрүүлэх боллоо. Ерөнхийлөгчөөс томилдог шүүгчдийн ёс зүй, иргэдээс гарч буй шүүмжлэлийг нягтлан, Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн хөрөнгөө нотолж чадахгүй бол, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх болно гэдгийг энд тодотгож хэлье гэлээ.

Эцэст нь, Төрийн хойшлуулшгүй, хэнтэй хуваалцашгүй үүрэг бол иргэдээ ажилтай, орлоготой байлгах явдал юм. Ажлын байрыг олноор бий болгох бүх эрх мэдэл та бүхэнд төвлөрсөн. Том төслүүдээ үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хөдөлгөе, мөнгө олох, илүү их ажлын байр бий болгох бизнесийн шинэ талбарыг нээе. Инновацийг бүх салбарт хэм хэмжээ болтол нь нэвтрүүлье. Иргэд ажилтай бол орлоготой. Орлоготой бол амьдрал аандаа сайжирна. Амьдрал сайн бол эрүүл мэнд, боловсролд анхаарах нөхцөл үүснэ. Боловсролтой эрүүл иргэд нь улс орны хөгжлийг урт удаан хугацаанд тогтвортой авч явж чадна. Ийм энгийн дарааллыг хэрхэн зөв шуурхай удирдлагаар хангахаа төрийн байгууллагууд нь мэддэг, зүтгэдэг байвал энэ Монгол Улс маань сэвхийгээд босоод ирэх боломж, нөхцөл нь бүрдсэн улс юм шүү гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх