Улаанбаатарыг ундаалж байдаг Туул голынхоо эрэг дагуух хогийг цэвэрлэх их ажил эхэлж байна. Байгаль хамгаалах хаврын сарын аяныг угтан “Капитрон” банкны хамт олон 2018 оны 3 дугаар сарын 24-нд Сонсголонгийн гүүрнээс баруун тийш Туул голын эрэг дагуух 1.1 км газарт их цэвэрлэгээ хийсэн юм. Цэвэрлэгээнд тус банкны 50 гаруй ажилтан оролцож 1.9 тонн хог хаягдыг цэвэрлэж Хан-Уул дүүгийн тохижилт үйлчилгээний хэлтсээс машин гаргаж ачуулав. Мөн Орон сууц, нийтийн аж ахуйн хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн хамт олон Баянзүрхийн гүүрнээс баруун тийш 1.1 км газарт их цэвэрлэгээ хийсэн. Уг ажилд тус төвийн 50 гаруй ажилтан оролцож, 1,5 тн хог хаягдлыг бөөгнүүлж Улаанчулуутын хогийн цэг рүү ачуулсан. Ийнхүү Туул голын дагуух хогийг цэвэрлэе гэсэн санаачилгатай залуус Туул голын сав газрын захиргаанд цэвэрлэгээнд оролцох саналаа ирүүлсээр байна.
Ер нь нийслэлийн иргэд бид их хотыг амилуулж байгаа цорын ганц голоо бохирдуулж,эрэг дагуух зүлэг ногоог харагдахгүй болтол хог овоолох хэмжээний ухамсартай гэж үү. Өнөөдөр их хотын иргэдийн уух ус, агаар салхинд гарах ганц гол маань Туул билээ.
Гэтэл нийслэлийнхэн өвөл зуны аль ч цагт гол дээр ирж цэвэр агаараар ханатал амьсгалаад буцахдаа хогийн цэгт ирсэн мэт архи,ундааны сав,гялгар уут гээд өөрт хэрэггүй болгоноо орхиод оддог муу зүршилтай. Хүн бүр цэвэр цэмцгэр байхыг эрхэмлэдэг болбол хатан Туул минь “бохирын цэг” болохгүйсэн билээ. Туулын хөвөөг цэвэрлэх их ажилд нэгдэж байгаа байгууллага,хамт олонд талархая.
Н.Дөл