Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Румын улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Басил Константинэску тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Румын улсын элчин сайдын яамны хоёр дугаар нарийн бичгийн дарга Михай Мойсе, Монгол Улсад суугаа Румын улсын өргөмжит консул Ө.Одонсүхэн, Эрчим хүчний яамнаас Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баярмагнай, Төрийн захиргааны удирдлагын газар – Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн А. Тэмүүжин нар оролцов.
Уулзалтын эхэнд элчин сайд Басил Константинэску, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгад хандан “Өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Хоёр орны цаашдын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гарган ажилламаар байна. 10 жилийн өмнө хоёр орны цөмийн эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа дуусгавар болсон. Харин өнөөдөр Эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа дахин сэргээж ажиллахад таатай байх болно. Ялангуяа энэ салбарт судалгааны томоохон ажлуудыг хийх хүсэлтэй байна” гэлээ.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга мөн анх удаа уулзаж байгаадаа баярлаж буйгаа илэрхийлээд хамтын ажиллагааны дараах саналуудыг хэллээ.
- Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа залуу боловсон хүчнийг Европын улс орнуудад сургах, мэргэжил дээшлүүлэх
- Улсын хэмжээнд эрчим хүч дамжуулах агаарын шугамд судалгаа хийн Техник, эдийн засгийн үндэслэл / ТЭЗҮ / эсхүл мастер төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллах
- Усан цахилгаан станц барьж байгуулах Европын улс орны орчин үеийн өндөр технологийг нэвтрүүлэх. Энэ чиглэлд туршлагатай компанитай хамтран ажиллах боломжтой зэрэг саналуудыг хэлсэн юм.
Хоёр орны нөхөрсөг харьцааг өндөр түвшинд гаргах, Эрчим хүчний салбарт хамтран ажиллах нөөц боломжуудыг судлаж үзэхээ талууд уулзалтын төгсгөлд илэрхийллээ.