Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос машин хулгайлаад тус аймагт зорчиж явсан этгээдийг илрүүлэн саатуулжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны зогсоол дээрээс автомашин алдагдсан байна гэх дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар иргэн С-ийн “Toyota Mark-2” автомашиныг Хэнтий аймгийн харьяат 17 настай, эрэгтэй Т гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлж, Говьсүмбэр аймагт зорчиж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Иймд иргэд та бүхэн автомашинаа камертай зогсоолд байрлуулах, дохиоллын систем суурилуулах зэргээр өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулж хулгайн гэмт хэргээс сэрэмжилнэ үү гэж Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.