МИАТ-ын томилгоо тойрсон бужигнаан

2018 оны 04-р сарын 02 өдөр, 14 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1522646214_12

Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ МИАТ нэртэй төрийн саалийн үнээг хувьчлана гэж албан ёсны байр сууриа илэрхийллээ. Салбар яамны сайдын энэхүү албан мэдэгдлийг МИАТ-ынхан Засгийн газрын байр суурь гэж хүлээн авч бужигнаж эхэлжээ. Ж.Бат-Эрдэнэ сайд МИАТ-ын хувьчлалын асуудлыг хөндөхдөө 676 ажилтан, 160-аад ажилтан гэрээгээр ажиллуулдаг МИАТ гэдэг айлын зардлыг танана, санхүүгийн сахилга баттай байлгана гэсэн нь тус компанийн 1000 орчим ажилчдыг хоногийнхоо хоол, сарынхаа талхнаас салчихвий гэсэн айдаст автуулаад байна.

Олон Засгийн нүүр үзэж тэр хэрээрээ халаа сэлгээ, улстөржилтийн бай болон сонгуулийн дөрвөн жилд ажлын байраа хадгалж үлдэх тэмцэлд өртдөг МИАТ гэдэг айлд шинэ сайдын хатуухан халаа сэлгээ үргэлжлэх нь. “Хатуухан” гэж онцолсон учир нь шинэ сайд “Миний халаасанд МИАТ-ын шинэ даргын нэр бэлэн байгаа. МИАТ-ын даргын томилгоонд Засгийн газрын тэргүүн оролцохгүй гэж найдаж байгаа” гэж саяхны өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон нь У.Хүрэлсүхийн танхимд Ерөнхий сайддаа “салаавч” өгч чадах хоншоортой сайд стратегийн чухал ач холбогдолтой яамны сайдын зөөлөн сэнтийд тухалсныг харуулсан.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ж.Бат-Эрдэнэ сайд МИАТ-ын даргаар сангийн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Баттөр гэдэг нөхрийг зүтгүүлж байгаа бөгөөд Н.Алтанхуягийн танхимд багтаж явсан тэрээр Ч.Улааныг МАХН-д байхад туслахаар нь ажиллаж байжээ. Олон намд нүүртэй экс төрийн нарийн бичгийн даргын шинэ томилгоо У.Хүрэлсүхийн ширээн дээр гацаад байна. Зарчим, шударга ёсны төлөө хатуу тэмцдэг Засгийн газрын тэргүүн салбарын сайдын саналаар МИАТ-ын даргын томилгоог хийх нь зарчмын байр сууринаасаа ухарсан хэрэг болох учраас ийнхүү гацаанд орсон бололтой. Засаг солигдох бүрт хөндөгддөг МИАТ-ын хувьчлалыг У. Хүрэлсүхийн танхим зориглон хийх эсэхийг цаг хугацаа харуулах бөгөөд МИАТ нэртэй төрийн саалийн үнээг хувьчлах ажил МИАТ-ын шинэ даргын халаа сэлгээний араас хүчээ аван өрнөх нь нэгэнт тодорхой болоод байна. Салбарын сайдын МИАТ-ын хувьчлалтай холбоотой байр суурийг хүргэх зорилгоор ярилцлагыг товчлон хүргэе.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: “МИАТ”-ИЙН ЗАХИРЛЫГ СОЛИХОД МИНЬ ЕРӨНХИЙ САЙД НӨЛӨӨЛӨХГҮЙ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Цалингийн талаар өмнө нь нэлээд дуулиантайгаар мэдээлж байсан. Та энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Би ямар ч байсан эхний ээлжид ‘МИАТ’ ТӨХК-ийн захирлыг солих гэж байна. Энэ томилгоонд битгий улстөржиж хандаарай. Надад ямар нэгэн шахалт битгий үзүүлээч гэдгийг энэ ярилцлагаараа дамжуулаад хэлчихье.

-Жишээ нь Ерөнхий сайдтай зөвшилцөхгүйгээр, байр суурийг нь сонсохгүйгээр өөрийнхөөрөө томилгоо хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Би чадна гэж бодож байна. Нөгөөтээгүүр энэ бол ’60 тэрбумын албан тушаалын наймаа байдаг’ гэдэг гүтгэлгийг няцаах, бодит байдлаар харуулах том боломж гэдгийг хаана хаанаа мэдэрч байгаа болов уу гэж бодож байна.

-Ийм гүтгэлгийг няцаах таны сонголт бас сонирхол татаж байна. ‘МИАТ’ ТӨХК-ийн даргаар мэргэжлийн хүн томилох уу эсвэл сайн менежер томилох уу гэдэгт ч өрөөсгөл хандаж болохгүйг өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ?

-Надад товлосон хүн бий. Нуух шаардлагагүй. Сонголтын хувьд яг тантай санал нэг байна. Нэгдүгээрт, мэргэжлийн байх нь зөв, хоёрдугаарт, зөв сэтгэлтэй, зөв сэтгэхүйтэй байх ёстой. Энэ олон зардлыг танахад надтай гар, сэтгэл нийлж, зоригтой ажиллах хүн хэрэгтэй байна.

-Улстөрчтэй ярьж байна гэж үзэж шулуухан асууя. Таны ярианаас ‘МИАТ’ТӨХК-ийн одоогийн удирдлага улстөржиж ажиллаад байна гэж ойлгогдлоо. Зөв үү?

-Та өөрөө мэдэж байгаа шүү дээ. Одоогийн удирдлага улстөржиж байна. ‘МИАТ’-ын удирдлага солигдох сургаар бие биеэ хэвлэлээр бичилцээд зөндөө л юм боллоо шүү дээ.

-Ерөнхий сайдыг томилгоонд оролцохгүй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?

-Яагаад гэвэл Ерөнхий сайд өөрөө энэ салбарт шинэчлэл хийх, тансаглал, үрэлгэн байдлыг хязгаарлах, тал тохой татах, албан тушаалын “шахаа” гэгчтэй тэмцэх хүсэлтэй байгаа учраас дэмжинэ үү гэхээс санал зөрөх шалтгаангүй. Тиймээс надад өөрийнхөөрөө ажиллах боломж олгож “МИАТ”-ийн захирлыг солиход минь нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ‘МИАТ’ ТӨХК-аас их хэмжээний мөнгийг нэр бүхий банкууд руу, хэн нэгэн сайдын тушаалаар шилжүүлсэн явдал удаа дараа гарч байсан. Ийм хэмжээний алдаа завхрал давтагдсан байдал танд мэдэгдсэн тохиолдол бий юү?

-Би зориуд тус компанийн санхүүг шалгаж мэдсэн зүйл одоогоор үгүй. ТӨБЗГ-аас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт дуусч байгаа, дүн мэдээг ТӨБЗГ танилцуулах байх. Яамнаас гол анхаарахасуудал нь аюулгүй ажиллагаа, зөв менежментээр явж байгаа эсэх тухай болоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Төр.мн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх